Ихэнх хүүхдүүд төрөх үедээ дундажаар 3200-3600 грам жинтэй байдаг бөгөөд зарим тохиолдолд үүнээс том хүүхэд төрөх нь элбэг. Хүүхдийн жин хэт том байх нь ээжийнхээ болон өөрийн эрүүл мэндэд олон ноцтой эрсдэлийг бий болгодог. Хүүхдийн жин 4000-4500 грам болон түүнээс дээш байвал дундаж хэмжээнээс том байна гэж үздэг. Гэвч хүүхдийн жинг төрөхөөс нь өмнө нарийн тогтоох нь амаргүй юм. Эмч нар ургийн жин урьдчилан тооцох арга болон хэт авиан шинжилгээний үзүүлэлтэнд тулгуурлан төрөх хүүхдийн жинг урьдчилан тогтоодог бөгөөд энэ нь төрөлтийг ямар замаар явуулах вэ гэдэг асуудалд нөлөөлөх чухал хүчин зүйлсийн нэг болдог.
Хүүхэд хэт том байх нь юунаас шалтгаалдаг вэ?
Төрөх хүүхдийн жин нилээд хэдэн хүчин зүйлсээс хамаардаг. Эдгээрээс удамшлын хүчин зүйл болон цусны сахарын түвшин их байх нь хамгийн голлох байр суурийг эзлэдэг. Мөн жирэмсэн эх хэт тарган байх, жирэмсний хугацаанд жин их нэмэх, төрөх хугацаанаас илүү тээх болон хүүхдийн хүйс ургийн жин их болоход нөлөөлдөг. Эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс жингийн хувьд харьцангуй илүү байх хандлагатай байдаг байна. Хэрэв түрүүчийн төрөлтөнд том хүүхэд төрүүлж байсан бол дараагийн төрөлтөнд хүүхдийн жин улам нэмэгдэх магадлалтай өндөр байдаг.
Мөн жирэмсний сүүлийн хугацаанд хөдөлгөөн багатай байх, хоол хүнсэндээ нүүрсусны агууламж өндөртэй хүнс, чихэрлэг жүүс, ундаа, компот зэрэг сахар ихтэй зүйлс хэрэглэх, жирэмсний витамин зэрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хяналтгүй болон зэрэгцүүлэн хэрэглэх нь ургийн жинг хэт нэмэгдүүлэх томоохон шалтгаан болдог гэдгийг мартаж болохгүй.
Хүүхдийн жин хэдий чинээ том байна төрөлтөнд төдий чинээ эрсдэл бий болдог. Том хүүхэд төрүүлснээс болж эхэд үтрээ болон хярзан урагдах, төрсний дараа цус алдах, аарцгийн яс гэмтэх зэрэг хүндрэл үүсэх эрсдэл нэмэгддэг. Харин том хүүхдэд төрөлтийн явцад ургийн мөр эхийн умдаг ясны дор гацаж тээглэх хүндрэл тохиолдож болдог. Энэ нь урагт гэмтэл үүсгэхээс гадна амь насанд аюул учруулж болзошгүй учир анхаарал болгоомжлол ихээхэн шаарддаг.
Хэрэв төрөлтийн явцад хүүхдийн мөр тээглэх хүндрэл тохиолдвол хүүхдийн эгэм, бугалга яс хугарч болно. Мөн мөрний мэдрэлийн сүлжээ гэмтэх хүндрэл үүсч болзошгүй тул эдгээр эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. Ясны хугарал том хүнийхийг бодвол эдгэрэлт хурдан байдаг бол харин мэдрэлийн сүлжээний гэмтэл нилээд эмчилгээ асаргаа шаарддаг.
Хүүхэд хэт том байх нь юунаас шалтгаалдаг вэ? | ||
Үзсэн: 5432 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.