Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит цагдаагийн байгууллагын “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах уралдааны нээлтийн үйл ажиллагаа Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд /2017.12.13/ боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон цагдаагийн алба, хэлтэс, төвийн дарга нар оролцлоо.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа “ Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар зохион байгуулж буй энэ тэмцээн хэсгийн төлөөлөгчийг урамшуулан алдаршуулах зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хэсгийн төлөөлөгч гэдэг бол тухайн нутаг дэвсгэртээ хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэв журам сахиулагч, замын цагдаа, хамгаалалтын ажилтан, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэгч зэрэг үүргийг гүйцэтгэж байдаг, цагдаагийн байгууллагыг бүхэлд нь төлөөлдөг хариуцлагатай, ард түмэндээ нэн хэрэгтэй албан тушаалтан. Хэсгийн төлөөлөгч хийж үзээгүй цагдаа бол дарийн утаа үнэртээгүй байлдагч гэж би хувьдаа боддог” хэмээн хэлж уралдаанд оролцож байгаа алба хаагчдад урам зориг өгсөн юм.
Энэ удаагийн уралдаанд 21 аймгийн 320 гаруй хэсгийн төлөөлөгчөөс уралдааны нэг, хоёрдугаар шатыг амжилттай давж шалгарсан 14 аймгийн 14 хэсгийн төлөөлөгч өрсөлдөж байна.
Цагдаагийн байгууллагын “Шилдэг хэсгийн төлөөлөгч”-ийг 7 үндсэн чиглэл, 32 үзүүлэлт, аргачлалаар дүгнэж, эцсийн шатны буюу гадаад хэл, хууль эрх зүйн мэдлэг, логик сэтгэлгээ, мэргэжлийн мэдлэг ур чадвар гэсэн үндсэн үзүүлэлтийн нийлбэр дүнгээр “Шилдэг хэсгийн төлөөлөгч”-ийг шалгаруулах юм.
Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдынхаа мэдлэг, ур чадвар, тэсвэр хатуужил бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлж, мэргэшүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх арга тактикийг боловсронгуй болгох зорилгоор цогцолбор тэмцээн уралдаануудыг тогтмол зохион байгуулж, дадлага сургуулилт болгож ирсэн. “Шилдэг хэсгийн төлөөлөгч” тэмцээн гурван өдөр үргэлжилж баасан гарагт дүнгээ гаргана.
"Шилдэг хэсгийн төлөөлөгч" уралдаан эхэллээ | ||
Үзсэн: 1127 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.