Шууд Chart

Амьсгалын замын өвчлөлийн хүрээнд бэлэн байдлыг хангаж ажиллахыг зөвлөлөө

2017-12-19 09:55:47

Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нарын ахалсан хоёр ажлын хэсэг нийслэлийн томуу томуу төст өвчний өвчлөл өндөртэй байгаа 6 дүүрэгт ажиллалаа.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын ахалсан баг Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх  дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газар, Шуурхай удирдлагын хэлтэс, Эм эмнэлгийн хэрэгслийн хэлтэс, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөл багтжээ.



Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын ахалсан баг  дүүргийн нэгдсэн эмнэлгийн  ТТӨ-ний үед үзүүлж буй эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалттай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд амбулаторийн үзлэгийн цагийг уртасгах, зөвлөгөө өгөх утас ажиллуулах, нэмэлтээр эмч, сувилагч ажиллуулсан байна.

Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэж, хүүхдийн чиглэлээр мэргэшин суралцаж байгаа эмч болон сувилагчийг нэмэлтээр ажиллуулжээ. Баянгол дүүрэгт Ахмад настан, хүүхдийн эмнэлэгтээ 60 ор нэмэлтээр ажиллуулж байна.



Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгүүд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг орны тодорхой хэсэг, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоо хүүхдийн орыг нэмжээ.

Ажлын хэсгийн ахлагч Я.Буянжаргал дээрх эмнэлгүүдэд ажиллах үеэрээ "Амьсгалын замын халдвар ихэсч байгаагаас үүдэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэн. Ханиад томууны өвчлөлийн дийлэнх хувийг хүүхдүүд эзэлж байна. Эмнэлгүүдийн хүүхдийн тасгаар орж үзлээ. Ханиад томууны эхлэл үед хүндрэл нэлээд эрчимжих хандлагатай байгаа нь ажиглагдаж байна. Эцэг, эхчүүд эмнэлэгт хүн эргэх, өвдсөн хүүхдээ үзүүлэхээр ирэхдээ өвчлөөгүй хүүхдийг хамт дагуулж ирж байна. Энэ нь халдвар авах эрсдлийг үүсгэж байна. Цаашид өвчлөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулж, эцэг, эхчүүдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлага, хүүхдүүдэд тавих анхаарал, халамжийг нэмэгдүүлэхэд анхаарахыг эцэг эх, асран хамгаалагч болон тусламж, үйлчилгээ үзүүлэгч нарт зөвлөе" гэлээ.  



Мөн амьсгалын замын өвчлөл гуравдугаар сар хүртэл үргэлжлэх тул бэлэн байдлыг хангаж, нөөцийг зөв хуваарилан ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад анхаарууллаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Амьсгалын замын өвчлөлийн хүрээнд бэлэн байдлыг хангаж ажиллахыг зөвлөлөө  
Үзсэн: 1581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй