
Нэгдүгээр сарын 1-ний энэ өдрийг Монголын түүхэнд хэрхэн тэмдэглэн үлдээснийг сонирхуулъя.
-1927 оны энэ өдөр Намын төв хорооны байранд МАХН, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хороо, Засгийн газар хамтран шинэ жилийг тэмдэглэх, улсын анхны одон тэмдгийг гардуулах ёслол болж, нам засгийн удирдагчид, яам тусгай газрын хариуцлагатай хүмүүсийг урьж оролцуулжээ.
-1951 оны энэ өдөр 20 цаг 25 минутад Хэнтий нурууны зүүн өмнөд хажуу болох Эрдэнэ хаан уулын бүсэд 5.8 магнитуд буюу 7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас уулын хад чулуу нурж, сэвсгэр хөрстэй газар бага зэргийн хагарал үүсчээ. Уулын энгэрт өвөлжиж байсан малчдын гэрийн зуух өнхрөн унаж, авдар савны хаалга таг онгойж, дотроос нь эд зүйлс унажээ. Эрдэнэ-Хаан уулнаас 20 км-т байсан айлуудын байшин нь хананаасаа 7-10 мм хөндийрсөн тохиолдлууд гарчээ. Сумын төвийн Улаанбуланд зассан ёолконы мод унаж, иргэд газрын гүнээс гарах хүчтэй дуу чимээг сонсчээ. Газар хөдлөлийн доргилт Цэнхэрмандал, Жаргалантхаан, Мөрөн, Хэрлэн сумдад мэдрэгдэж, хүн эмнэлгийн болон сургуулийн барилгын таазны шохой ховхорчээ. 240 км-т орших Улаанбаатарт 3 орчим баллын шинж тэмдэг ажиглагдсан байна.
-1976 оны энэ өдөр Булган аймгийн Эрдэнэт хороог улсын харьяалалтай хот болгож, ”Эрдэнэт хот” гэж нэрлэжээ. Мөн Эрдэнэт хотод “Найрамдал”, “Баян-Өндөр” хороог байгуулж, Булган аймгийн “Хялганат” хороог харьяалуулсан байна.
-2012 оны энэ өдөр МИАТ компани анх удаа Энэтхэг улсын Гаяа хот руу захиалгат нислэг хийжээ.
Энэ өдөр Монголын түүхэнд... | ||
Үзсэн: 2505 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.