Шууд Chart

Төрийн Дум хууль бусаар хөрөнгөжих явдалд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг буцаав

2018-01-22 15:23:43

ОХУ-ын Төрийн Дум дахь Шударга Орос намын гишүүдийн санаачилсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “хууль бусаар хөрөнгөжих” гэмт хэргийг нэмэх хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээр оруулж, батлахгүй буцаасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр Төрийн байгуулалт, хууль тогтоох хорооны гишүүн Николай Брыкин “Эхний ээлжинд, ямар үйлдлийг гэмт хэрэг гэж үзэх нь хууль эрх зүйн талаасаа тодорхойгүй, орлогоосоо их хөрөнгөтэй байна гэдэг нь хууль бусаар олсон гэсэн үг биш, бас хөрөнгийг үнэлэх талаар зохицуулж өгөөгүй байна” гэж шүүмжилжээ.

Түүний хэлж байгаагаар, хуулийн төсөлд төрийн албан тушаалтан ямар хугацаанд багтааж орлогын эх үүсвэрээ тайлагнах талаар зааж өгөөгүй. Жишээлбэл, мэдүүлэх хугацаанаасаа өмнөх гурван жилийн хугацаанд 5 сая рубль олж, түүнийгээ мэдүүлээгүй бол хууль бус олсон гэж үзэхээр байгаа юм байна. Ийм тохиолдолд буруутгагдсан этгээд нь өөрийнхөө гэм буруугүйг нотлох үүрэг хүлээх бөгөөд энэ нь үндсэн хуулийг зөрчихөд хүргэх юм байна.

Хууль тогтоогчид уг хуулийн төслийг Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн 20 дугаар зүйлд заасны дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал болгожээ. Хуулийн тайлбарт бичсэнээр, төрийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо давсан хэмжээний хөрөнгөтэй бол хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзэх юм байна. Албан тушаалын зэрэг дэв, хууль бусаар олсон хөрөнгийн хэмжээ зэргээс хамааруулан онц их хэмжээний хууль бус хөрөнгө олсон этгээдэд 5-7 жилийн хорих ял, дээр нь торгуулийн ял оногдуулахаар санал болгожээ.


Төрийн Дум хууль бусаар хөрөнгөжих явдалд хариуцлага тооцох тухай хуулийн төслийг буцаав  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй