Шууд Chart

Гадныхан ингэж торгодог

2013-12-10 14:42:09

“Хэрэглэгч та хаан” гэх уриа лоозонтой үйлчилгээний байгууллагууд Монголоор дүүрэн байдаг ч яг бодит амьдрал дээр та бид хаан байж чадаж байна уу гэдэг асуудал таны хувьд ч миний хувьд ч эргэлзээтэй хэвээр л байна. Нэг үеэ бодвол Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж бизнесийн байгууллагууд хэрэглэгч, үйлчлүүлэгчээ татахын тулд бие биеэсээ өрссөн шилдэг маркетинг явуулж эхэлж байгаа нь сайшаалтай. 

Гэсэн  хэдий ч хэрэглэгчийн мэдлэг боловсрол дутмаг, эрхээ зөрчигдсөн тохиолдолд хаана хэнд хандаж шийдүүлдэг гэдгийг нь мэддэггүйг нь ашиглан зөрүүтэй үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдах, хаяг шошгын зөрчил гаргахаас эхлээд бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч жижиг аж ахуйн нэгжүүдийг дарамтлах, тулгах маягаар ханддаг байдал газар аваад байна.  
 
Сүүлийн жилүүдэд бизнесийн орчинд шударга өрсөлдөөнийг төлөвшүүлэх, хэрэглэгчийг хуурч мэхлэхгүй, төөрөгдүүлэхгүйгээр бизнесээ эрхлэхийг шаарддаг, иргэн хэрэглэгчийн эрхийг хамгаалдаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар жинхэнэ утгаараа ажиллаж эхэлсэн нь хэрэглэгчдийн тэр дундаа ард түмний талархлыг зүй ёсоор хүлээгээд байгаа билээ.
 
Саяхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүнсний сүлжээ дэлгүүрүүд буюу “Номин Холдинг” ХХК, Сонгинохангай ХХК-ууд нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн тус бүрийн үнээс авч буй шимтгэлийн хувийг өөр өөр хэмжээгээр тогтоож ялгавартай нөхцлөөр гэрээ байгуулсан, харилцагчийн хураамж гэх нэрээр “...нийлүүлэгчээс доод талдаа 70 000 төгрөг, дээд талдаа 3 000 000 төгрөг”-ийг өөртөө төвлөрүүлсэн, бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрийн борлуулалтын тооцооны системд оруулан кодлох гэх үндэслэлээр барааны нэр, төрөл тус бүрээс 5000 төгрөгийн хураамж авдаг, нийлүүлэгчийн 6 сард нэг удаа нийлүүлж байгаа барааны нийт үнийн дүнгийн 0.38 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг барьцаа хэлбэрээр авч байгаа зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна хэмээн 500 саяаас -1 тэрбум төгрөгөөр торгосон нь нийгэмд ихээхэн шуугиан тарьж үндэсний бизнесмэнүүдийн уур цухлыг бараад байна.
 
Харин энэ нь жирийн үйлчлүүлэгч, жижиг бизнес эрхлэгчдийн хувьд тун таатай шийдвэр боллоо гэдгийг олон нийтийн 70 гаруй хувь нь хүлээн зөвшөөрч байгаа төдийгүй энэ сэтгэгдэл, санал хүсэлтээ ч илэн далангүй илэрхийлж байгаа нь нийгэмд үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагааг цэгцлэх цаг болсон гэдгийг харуулсан хэрэг боллоо.
 
Энэ ч үүднээс бид бусад улс оронд үйлчилгээний байгууллагууд тэр дундаа хүнсний супермакетууд хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг тухай мэдээллийг хүргэж байна.
 
Тухайлбал, Английн Шударга худалдааны газар 2011 онд Моррисоны салбарууд болох Тesco, Аsda Safewar, Sainsbury гэх нэр бүхий 11  супермаркет болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг хэрэглэгчдийн өдөр тутмын бараа бүтээгдэхүүний үнийг үгсэн хуйвалдаж нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр нийтдээ 11,04 сая паундаас 1,26 сая паундаар торгосон байна. Зөвхөн энэ онд гэхэд Худалдааны стандартын хуулийг зөрчиж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр “Tesco” supermarket-ыг 300.000 паундаар торгосон бол Хүнсний аюулгүй байдлын хуулийг зөрчиж махан бүтээгдэхүүн нийлүүлсэн “Booths” supermarket-ыг 27.500 паундаар торгожээ.
 
Австралийн Хэрэглэгч болон Өрсөлдөөний Хороо хүнсний аюулгүй байдлын хуулийг зөрчиж хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалсан гэх үндэслэлээр “Foodland” supermarket-ыг 208.750 доллараар торгосон бол АНУ-ын Шударга худалдааны хороо үнийн зөрүүтэй байдал үүсгэсэн “Ralphs” supermarket-уудыг 300.000 доллараар торгосон тоо баримт дурайж байх юм.   
 
Манай урд хөрш Хятадын Үндэсний хөгжил шинэчлэлтийн хороо зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнэ унагах олон арга хэрэглэж үнэ буулгасан дистрибьютерийн үнийг доод түвшинд барьж өрсөлдөөнийг хягаарласан гэх үндэслэлээр  “Mead Johnson” гэх нэр бүхий гурван супермакетыг 203.8 сая юаниас 162.9 сая юаниар торгосон ба энэ бараа бүтээгдэхүүний үнийг унагаж бусад бизнес эрхлэгчдийг замаасаа зайлуулаад дараа нь үнээ өсгөх бодлого баримтлахаас урьдчилан сэргийлж уг мөнгөн торгуулиар торгосон байна.
 
Үргэлжлэл бий...
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гадныхан ингэж торгодог  
Үзсэн: 1576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй