Шууд Chart

Хууль бусаар хөрөнгөжих явдалтай тэмцэх хууль энэ сард хүчин төгөлдөр болно

2018-02-21 11:00:00

Их Британид энэ сард хүчин төгөлдөр мөрдөгдөх шинэ хуулиар хахуулийн мөнгөөр худалдан авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг улс төрчид болон гэмт хэрэгтнүүд тайлбарлах үүрэг хүлээх бөгөөд хэрэв чадахгүй бол хөрөнгийг нь хураах юм байна.

Авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Транспарэнси интернашэнл байгууллага шинэ хууль батлагдсантай холбогдуулан 5 үл хөдлөх хөрөнгийг шууд шалгаж эхлэх боломжтой болох талаар дурджээ. Тухайлбал, Оросын авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный өмнө нь мэдээлж байсан 157 мянган ам.долларын цалин авдаг гэх ОХУ-ын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Игорь Шуволовын 15 сая ам.доллараар худалдан авсан хоёр орон сууцыг шалгаж болох юм гэжээ.

Уг асуудлыг хэрхэн шалгах талаар Транспарэнси интернашэнл байгууллагын мэргэжилтэн дараах байдлаар тайлбарлажээ. “Үндэслэлгүй хөрөнгийг шалгах шийдвэрийг Гэмт хэрэгтэй тэмцэх газар эсвэл Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх газар гүйцэтгэж болно. Жишээ нь тухайн хүнээс орлогыг нь асууж, ямар мөнгөөр уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан тухайг нь баримт, үндэслэлтэйгээр тайлбарлуулна. Хэрэв тухайн хүн түүнийгээ ойлгомжтойгоор тайлбарлаж чадахгүй бол уг хөрөнгийг нь хурааж авна” гэж хэлсэн байна.

Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдээлснээр, жил бүр авлигаас олсон 100 орчим тэрбум ам.доллар Лондон хотоор дамждаг бөгөөд энэ мөнгө нь гол төлөв улсын төсвөөс завшсан мөнгө байдаг гэнэ. Өмнө нь, үл хөдлөх хөрөнгө худалдан авч хууль бус мөнгөө нууж болдог байсан бол шинэ хуулиар ингэх боломжгүй болох юм гэж тэр нэмж хэлжээ.

Түүнчлэн ийм асуудалтай холбоотой олон жишээ байдаг юм байна. Тухайлбал, Сири улсын удирдагчийн авга ах өнгөрсөн онд Лондон хотын Майфайр дүүрэгт 18 сая ам.доллараар байшин худалдан авчээ. Мөрдөгчдийн үзэж буйгаар, тэр хүнийг улсын хөрөнгөөс 300 сая ам.доллар завшсан байж болзошгүй гэжээ. Гэвч тэр хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авахаас өмнө амжиж худалдан борлуулаад, хөрөнгийн эх үүсвэрээ арабын тэрбумтнуудаас зээлж авсан гэж тайлбарласан байна.


Хууль бусаар хөрөнгөжих явдалтай тэмцэх хууль энэ сард хүчин төгөлдөр болно  
Үзсэн: 1151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй