
Монгол Улсын Иргэний хуулийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж заасан байдаг.
Иргэд дээрх зохицуулалтыг олж мэдээгүйн улмаас зээлийн гэрээгээ буруу байгуулснаас үүдсэн маргаан түгээмэл гарч, үүнтэй холбоотой өргөдөл гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд цөөнгүй ирүүлж байна. Тухайлбал, 2017 онд ББСБ-тай холбоотой нийт 30 өргөдөл гомдол ирүүлснээс 18 нь зээлийн гэрээний маргаан байсан бөгөөд зээлдэгч нь гэрээгээ уншиж танилцалгүй шууд баталгаажуулсны улмаас маргаан үүсэх нөхцөл болжээ.
ББСБ-ууд хуульд зааснаар, олгож буй зээлдээ анз, алданги тооцох учиргүй бөгөөд хэрэв зээлийн гэрээнд үндсэн зээл болон хүүгээ төлөхгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд анз, алданги тооцож авахаар заасан байвал иргэд, зээлдэгчид ийм нөхцөл бүхий гэрээг байгуулахгүй байх, мөн энэ талаар Хороонд мэдэгдэх эрхтэй юм.
Мөн Зээлийн мэдээллийн тухай хууль болон Хорооны дарга, Сангийн сайд нарын 2015 онд хамтран баталсан ББСБ-ийн активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамтай сайтар танилцаж, өөрт шаардлагатай мэдээллийг авах нь зүйтэй. Учир нь нэгэнт зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээл авснаар үндсэн төлбөр, хүүгийн эргэн төлөлт хийгдэлгүй хуваарьт заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд таны зээлийн ангиллын талаарх мэдээлэл Монголбанкны зээлийн мэдээллийн санд орно гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.
Алданги тооцох нөхцөлтэй гэрээ байгуулахгүй байх эрхтэй | ||
Үзсэн: 1305 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.