
Фэйсбүүк нь 2015 оноос эхлэн нэгэн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь “LIVE” функц юм. Энэхүү фэйсбүүкийн шинэ хэрэглээ нь хүн бүрд шуурхай мэдээллийг газар дээрээс нь шууд сурвалжлах завшааныг олгоод зогсохгүй, бизнес эрхлэгч нарт үнэгүй зар сурталчилгаа явуулах талбар болж байгаагаараа давуу талтай юм.
Түүнчлэн дараах тоо баримтаас та энэхүү шинэ хэрэглээ хэзээний бидний амьдралын нэг хэсэг болсныг анзаарах болно.
- 2015 онтой харьцуулахад 2016 онд LIVE тандалт 81 хувиар өссөн байна. Энэ нь жил ирэх тусам ихсэх хандлагатай байна;
- LIVE үзэгчдийн 56 хувь нь шуурхай мэдээг өөрийн гар утаснаасаа шууд үзсэн бол 43 хувь нь амьд тоглолт болон бусад арга хэмжээг LIVE функцийг ашиглан үзсэн байна;
- Дэлхийн томоохон брендүүд хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэхийн тулд түлхүү LIVE функцыг ашиглах болсон. Хэрэглэгч нар тухайн брендын мэдээллийг авахдаа загварын блог уншихаасаа илүү бичлэг үзэж мэдээлэл авах нь даруй 80 хувиар илүү байна;
- LIVE үзэгчдийн 78 хувь нь фэйсбүүкийн хэрэглэгч бөгөөд тэдний хувьд шууд бичлэгийн чанар асуудалтай байна хэмээжээ;
- Өдөрт 100 сая интернет хэрэглэгч LIVE бичлэг үздэг;
- Хүмүүс аливаа концерт эсвэл арга хэмжээний талаарх мэдээллийг зар сурталчилгаанаас илүү LIVE-аар хийсэн зар сурталчилгааг үзсэнээр билетийг нь худалдан авах хүсэл төрдөг гэсэн байна;
- 2019 гэхэд шууд бичлэг нь дэлхийн интернет сүлжээний 80 хувийг эзлэх болно;
- Youtube-тэй харьцуулахад фэйсбүүкийн бичлэг байршуулалт 10 дахин их байна;
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн шууд бичлэгийн тандалт нь текстээр болон зурган хэлбэрээс 1200 дахин илүү байна.
Эдгээр тоо баримтаас харахад бид LIVE-д донтох эрсдэлтэй юм. LIVE ингэтлээ хүмүүсийг татах шалтгаан нь юу вэ? Үүнд:
- Хэрэглэхэд хялбар, ганцхан товчлуурыг дарахад л та дэлхийн өнцөг булан бүртэй холбогдох боломжтой. Мэдээж хэрэг та хэн ч бай, юу ч ярьсан бай хүн болгон таныг үзэх боломжтой.
- Хурдан хугацаанд олон нийтэд хүрч чадахаас гадна бичлэгээ хадгалах боломжтой тул тухайн мэдээллийг дахин давтаж үзэх, бусадтай хуваалцах боломжийг олгосноор илүү олон хэрэглэгчийг бий болгож чадна.
- Амьд харилцаан дээр тулгуурлах тул хүмүүс хоорондын орон зайг үл хамааран тухайн цаг мөчид хамт байлгаж чаддаг, хүссэн зүйлсээ асуух боломжийг олгодгоороо давуу талтай.
- Таны мэдээллийг хязгаарлах боломжгүй, та шууд дамжуулан хүргэх тул хэвлэлийн ил тод байдал, эрх чөлөөг жинхэнэ утгаар нь мэдрэх гэхчилэн тоочоод байвал олон давуу талууд байна.
Мэдээж хэрэг сайныг дагаад саар гэхчээр сөрөг талыг нь дурдахгүй бол болохгүй байх. LIVE-ийн үүсэл яахын аргагүй хүн төрөлхтөн мэдээлэл хүртэх арга хэрэгслээ улам л хялбар болгож байгаагийн нэг илрэл юм. Одоо аливаа мэдээллийг шууд бичлэгээр үзэх нь илүү бодит, амар боловч хүмүүсийг улам бүр залхуу болгох хандлага ажиглагдах болсон. Мэдээлэл технологийн хөгжил болсон энэ эрин үетэй хөл зэрэгцүүлэн алхахын тулд хүмүүсийн зарим чадвар эрс доройтож болзошгүй байна. Үүний нэг жишээ нь одоо үед хүн бичиг үсэг тайлагдаагүй ч бусдын нэгэн адил цаг үеийн мэдээлэл авах боломжийг LIVE бидэнд олгож байна. Энэ нь хүмүүсийн бичгийн хэв, соёл алдагдаж байгаагийн гол шалтгаан болж байгаа талаар судлаачид онцолж байна.
Үүнээс гадна LIVE нь ард иргэдийн хувьд хэвлэлийн эрх чөлөөг мэдрүүлж байгаа ч эрх баригчдын хувьд аюулыг дагуулж байгааг энд нуугаад яахав. Зарим талаараа хэвлэл мэдээллээр хэтэрхий их сөрөг мэдээллийг ил тод болгосноор нийгмийн аюулгүй байдлыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлэх магадлалтай юм.
Сүүлийн үед хар тамхи, хүчингийн хэрэг их гарч байгааг фэйсбүүкийн LIVE ашиглан хүмүүс олон нийтэд ил тод болгож байна. Энэ нь нэг талаас гэмт хэрэг илрэлтийг сайжруулж байгаа мэт боловч нөгөө талаараа тухайн гэмт хэргийг олон нийтэд сурталчилж байгаа хэрэг юм.
Хүний сэтгэл зүйд “хагархай цонх” гэх нөлөөлөл байдаг нь нэгнээ даган дуурайх сэдэл төрж, тухайн гэмт хэрэг олшрох нөхцөл бүрдэх явдал юм. Түүгээр ч үл барам тухайн мэдээллийн давтамж ихсэх үед хүний сэтгэл зүйд дасан зохицох үйл явц явагддаг байна. Энэ дасан зохицол нь эргээд тухайн гэмт хэргийг жирийн үзэгдэл мэт хүлээн авах нөлөөллийг үүсгэж байна.
Иймд ямар ч хяналтгүйгээр LIVE-аар мэдээлэл цацахаасаа өмнө зөв зүйл хийж байгаа үгүйг дахин нэг бодож үзэхэд илүүдэхгүй юм. Яагаад гэвэл LIVE нэг л цацагдвал нууц гэж байхгүй болохыг анхааруулъя.
Хэрэв яг одоо та LIVE хийх гэж байгаа бол дараах зүйлсийг анхаараарай.
- LIVE-аар ярих ярианы сэдэв тань тодорхой байж, тухайн сэдвийн хүрээнд хийх;
- LIVE нь тодорхой зорилтод бүлэгт зориулагдсан бол тухайн групп болон хязгаарлах тохиргоог хийсэн эсэх;
- LIVE хийж байхдаа бусдын доромжлол, үл хүндэтгэсэн байдлаас өөрийгөө хамгаалах чадвар танд бий эсэх;
- LIVE хийх зорилго тань бусдаас өшөө авах, бусдын нэр хүнд, ажил хэрэг, хүний эрхэд халдаж байгаа эсэх гэхчилэн зүйлсийг анхаарахгүй бол та өөрөө ч гэмт хэрэгт холбогдохыг үгүйсгэхгүй юм.
Сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн
Эх сурвалж: www.ekids.mn
Мэдээллийн эх сурвалж:
- Caroline Golum. 62 Must-Know Live Video Streaming Statistics
- Jayson DeMers . Facebook live: Everything you need to know. (2016)
- Alex Hern.Facebook Live is changing the world – but not in the way it hoped (2017)
LIVE хийж байна... Манайхан байна уу? Ороод ирээрэй | ||
Үзсэн: 1485 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.