Шууд Chart

Ройтерс агентлаг С.Баярцогтыг баривчилсан талаар мэдээллээ

2018-04-06 13:00:00

ROUTERS: Монгол Улсын Сангийн сайд асан Сангажавын Баярцогтыг 2009 онд Оюу толгойн зэс баяжуулах томоохон уурхайн хөрөнгө оруулалтын талаар хийсэн хэлэлцүүлэгт албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан гэж тус улсын Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газар С.Баярцогтыг баривчилсан гэж хэвлэлийнхэнд өнгөрсөн ням гарагт мэдээллээ.

Швейцарь Улсын Ерөнхий прокурорын газраас явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд С.Баярцогтыг 2008 онд 10 сая ам.доллар шилжүүлэхэд ашигласан банкны дансыг битүүмжилсэн гэж шүүхийн тогтоолд бичсэн байна. Ройтерс агентлаг өнгөрсөн даваа гарагт С.Баярцогт болон түүний ажлын албатай холбоо барих гэсэн боловч холбогдож чадаагүй байна. Өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн бага хурал дээр тэр өөрийгөө буруу зүйл хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар гэм буруугүй болох нь тогтоогдох болно гэж мэдэгдэж байсан. С.Баярцогт 2009 онд Канадын Айванхое Майнс компанитай Монгол Улсын нэрийн өмнөөс томоохон уурхайг хөгжүүлэх гэрээ байгуулж, хувьцааны 66 хувийг нь энэ компанид олгожээ. Айванхое Майнс компани нэрээ Туркойз Хиллс Ресурс болгон өөрчилсөн бөгөөд түүнийг Англи-Австралийн уул уурхайн Рио Тинто эзэмшиж байгаа юм.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр, зөвхөн Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгаагүй бөгөөд Дубай хотод 2015 онд Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл, Рио Тинтогийн хооронд байгуулсан далд уурхайн олборлолтын санхүүжилтийг мөн шалгаж байгаа юм байна. Оюу Толгойн Монголын хувьцааг эзэмшдэг төрийн өмчит компанийн захирал асан, Дубайн гэрээнд гарын үсэг зурсан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарыг мөн уг хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэж тус байгууллага мэдээлжээ. Даваа гарагт Бямбасайханы утас руу залгасан боловч дуудлагыг аваагүй байна. Ройтерс агентлаг Ариунсантай ч бас шууд холбогдож чадаагүй юм байна. Оюу Толгойн уул уурхайн төсөлтэй холбоотойгоор Баярцогт руу шилжүүлсэн байж болох сэжигтэй гүйлгээг шалгаж байгаа боловч уг асуудалд Рио Тинтог ямар нэгэн байдлаар буруутгаагүй гэж Швейцарийн Прокурорын газраас өнгөрсөн пүрэв гарагт мэдээлж байжээ.


Ройтерс агентлаг С.Баярцогтыг баривчилсан талаар мэдээллээ  
Үзсэн: 1388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй