Шууд Chart

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-д айлчлах урилгыг хүлээн авчээ

2018-06-13 14:14:37

АНУ, Умард Солонгосын удирдагч нарын түүхэн хэмээн тодорхойлсон дээд хэмжээний уулзалт Сингапурын Сентоза аралд өчигдөр болсон. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд ярилцсан сэдвүүдээс гадна хоёр орны төрийн тэргүүн харилцан бие биеэ эх орондоо айлчлахыг урьсан байна.

АНУ-ын Төрийн тэргүүний урилгыг Умард Солонгосын удирдагч хүлээн авч, тус улсад айлчлахаа илэрхийлсэн гэж Ерөнхийлөгч Трамп Вашингтонд хүрэлцэн ирснийхээ дараа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Энэ тухай мөн Умард Солонгосын төрийн төв телевиз мэдээлсэн байна. Харин умардын удирдагчийн урилгын хариуд Ерөнхийлөгч Трамп боломжтой болсон гэж үзвэл Пхеньянд айлчилж магадгүй гэж хэлсэн байна.

Удирдагч Ким Жон Ун мөн эх орондоо айлчлах тухай урилгыг захидлаар дамжуулж байсан. Сингапурын дээд хэмжээний уулзалтын өмнө Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль уулзалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд АНУ-ын талтай хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Трамптай уулзах үеэрээ удирдагчийн захидлыг дамжуулсан юм.

Захидалд дараагийн хоёр талын дээд хэмжээний уулзалтыг Пхеньянд хийх тухай дурдсан байсан гэж хэвлэлүүд мэдээлсэн. Ер нь олон улсын хэвлэлүүд хоёр удирдагчийн дараа дараагийн шатны уулзалт хэлэлцээ хийх газар,  цаг хугацааг нэрлэж  эхлээд байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёр дахь уулзалтаа Пхеньянд хийх саналыг АНУ-ын Ерөнхийлөгчид тавьсан тухай Өмнөд Солонгосын "Чунан Ильбо" эх сурвалжуудынхаа мэдээлэлд үндэслэн мэдээлсэн байна.

Хоёр улс  өндөр дээд түвшний энэ яриа хэлэлцээг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа харилцан илэрхийлснийг тус сонины эх сурвалж мэдэгдсэн  байна. Мөн Японы "Киодо" агентлаг хоёр удирдагчийн гурав дахь дээд уулзалтыг ирэх есдүгээр сард Вашингтонд хийж магадгүй тухай мэдээлж  байна.

Хэрвээ хоёр улсын төрийн тэргүүн харилцан айлчлал хийвэл мөн дэлхийд анх удаа гэж тооцогдох юм. Умардын үе үеийн удирдагчид төр барьж байх хугацаандаа АНУ-д айлчилж байгаагүй. Умардын хувьд АНУ-д хамгийн анх 2000 онд тус улсын өндөр дээд албан тушаалтан айлчилж байсан бол үүнээс 18 жилийн дараа зургаадугаар сарын 1-нд генерал Ким Ён Чоль "Цагаан ордон"-д айлчилсан юм.

АНУ-ын хувьд ч Төрийн тэргүүн нь Умард Солонгосын нутаг дэвсгэрт айлчилж байгаагүй. Мөн өчигдөр болсон дээд хэмжээний уулзалтаар Ерөнхийлөгч Трамп төрийн эрх барьж байх үедээ Умардын удирдагчтай дээд хэмжээний уулзалт хийсэн анхны төрийн тэргүүн болсон юм. 



Нийтэлсэн: Б.Энх-Амгалан

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-д айлчлах урилгыг хүлээн авчээ   
Үзсэн: 2193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.25.xxx] 2018-06-27 10:56
Гомо мөнхөө амьд юм уу. Үхчээгүй биз дээ. Яагаав нөгөө байрныхаа жоохон эрэгтэй хүүхдийг оролддог тэнэг гар

Бидэнтэй нэгдээрэй