Шууд Chart

Мэргэжлийн тайлбарлагчдын шинэ үе "ФИФА-2018" ДАШТ-ийг хүргэнэ

2018-06-15 12:11:17

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз 2018 оны 6-р сарын 14-нөөс 7-р сарын 14-нийг дуустал MNB 1, MNB 2, “MNB Sport” сувгаараа албан ёсны, онцгой эрхтэйгээр дамжуулах гэж байна.

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг NTV-ийн “Тайлбарын мангасууд”-тай эн зэрэгцэн Монголын үзэгчдэд хүргэх МҮОНТ-ийн баг, нас залуу ч мөрөөдөл, зорилготой, мэргэжлийн тайлбарлагч залуусаас бүрдэж байна.



Хаан спортын үзэгч, шүтэгч түмнийг бүтэн сарын турш цэнхэр дэлгэцийн өмнө уях ДАШТ-ийн гал гарсан, дуу алдуулсан гайхалтай тоглолтуудыг тайлбарлах  “MNB Sport HD” сувгийн залуусыг танилцуулъя.

Тэдэнд тавьсан асуултууд:

1.    Та хөлбөмбөгийн спортод хэзээнээс дурласан бэ?
2.    Аль улсын багийг дэмждэг вэ?
3.    Таны дуртай хөлбөмбөгчин...
4.    Хөлбөмбөг тайлбарлахад таны давуу тал юу вэ?
5.    Таны таамаглалаар энэ жилийн ДАШТ-д аль улс түрүүлэх вэ?

ОТГОНБАЯРЫН СОНИНБАЯР

МҮОНРТ-ийн “MNB Sport HD” сувгийн сэтгүүлч, редактор.

2018 онд Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын дээд лигийн тэмцээн, “Мазаалай” үндэсний дээд лигийн тайлбарлагчаар ажилласан. 2016 оны Европын АШТ-ийг тайлбарлаж байсан.

  1. -Мэдээж ихэнх хүүхдийн адилаар байрныхаа гадаа талбайд тоглож эхлэх үеэс л анх шимтэж эхэлсэн дээ. Харин 2002 онд Япон, БНСУ-д зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ээс эхэлж дэлхийн хөлбөмбөгтэй албан ёсоор танилцаж байлаа. Тухайн үед МҮОНРТ-ийн хамт олон маань дэлхийн аваргын тэмцээнийг үзүүлж байсан. Өмнө нь мэдэрч байгаагүй сэтгэлийн баяр цэнгэл, догдлолыг 17 дахь удаагийн ДАШТ-ээс мэдэрч байсан даа.
  2. – Германы шигшээ багийн дэмжигч. 2002 онд манай гэр бүлийнхэн, найзууд гээд эргэн тойрны маань ихэнх хүн Бразилийн шигшээ багийг дэмжиж байхад би ганцаараа Германы багийг дэмжиж байсан. Тэр ДАШТ-д Германчууд мөнгө, 2006, 2010 онд хүрэл медаль хүртэж, 2014 онд дэлхийн аварга болж, дэмжигчээ гонсойлгож байгаагүй баг даа.
  3. -Лионель Месси. Тэр чинь “хүн” биш шүү дээ. Илэрхийлж, зүйрлэж ярина гэвэл их цаг орох байх. Энэ спортод хувьсал авчирсан хүмүүсийн нэг гэж боддог. Харин энэ ДАШТ-д Германы шигшээ багийн Марко Ройсыг түлхүү харна. 2014 оны ДАШТ, 2016 оны ЕАШТ-д дэмждэг Германы багийнхаа өмсгөлийг авахдаа Ройсын нэртэйг сонгож байлаа. Даанч аль аль тэмцээнийх нь өмнө гэмтсэн дээ. Энэ жил харин дэлхийн хэмжээний тэмцээний талбайд гарна гэж итгэж байна.
  4. -Монгол хэл минь. Өгүүлбэрийн зөв дараалал, үгийн зөв дуудлага, дээрээс нь дуу хоолойны өнгө, амьсгаа хуваарилалт, тод хэллэг гээд олон зүйл бий. Миний хувьд МҮОНРТ-ээс явуулсан хөтлөгч нэвтрүүлэгчдийн шалгаруулалтаас сонгогдож ажиллаж эхэлсэн учраас тэр бүгдийг туршлагатай, мэргэшсэн нэвтрүүлэгч, найруулагч, сэтгүүлч нараас суралцаж мэдсэн. Тод хэллэг буюу дикц гэдэг зүйл спортын тайлбарт дутагддаг. Тухайн спортын талаарх мэдлэг мэдээлэл, туршлага, мэдрэмж зэрэг цөөн хэдэн шалгуураар л тайлбарлуулдаг. Гэтэл тайлбарлагч хүний нэн түрүүний давах ёстой шат бол хэл ярианы цэгц, үгийн зөв дуудлага, дуу хоолойны өнгө юм.Хичнээн мэдлэгтэй байгаад тэрийгээ утга төгс илэрхийлж чадахгүй, тод, зөв ярьж чадахгүй бол үзэгчдэд тээртэй. Тайлбарлагч хүн юун түрүүнд үзэгчээ л бодох хэрэгтэй. Талбайд болж буй үйл хөдлөл, тэмцлийг биш тоглолтыг наанаас нь харж, илж тайлбарладаг. Үйл хөдөлгөөнийг нь задалж тайлбарлаж, үзэгчдэдээ тоглолтоо ойлгуулдаггүй, урьд өмнөх баримт түүх ярьж байгаад тэр мөчийг өнгөрөөдөг. Тэрийг ярьдаг цөөн хэд нь ихэнхдээ гадаад үг хэллэгээр түүнийг нь илэрхийлдэг. Багуудын хамгаалалт, довтолгооны хувилбар, зохион байгуулалтыг ойлгодоггүй, судлаагүй тэгсэн хэрнээ зөвхөн тухайн мөчөөс маш түрэмгий дүгнэлт хийж түүнийгээ баттай мэт ярьж үзэгчдэд тулгаж ойлгуулах гээд олон зүйлс бий дээ. Тамирчдынхаа нэрийг л хэлсээр байгаад тайлбарынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг тайлбарлагчид ч байна.Бид үндэсний телевизээр дуу хоолойгоо дамжуулж, нэг сарын турш олон нийтийн гол сэдэв болох тэмцээнийг хүргэх учраас энэ талд түлхүү анхаарч ажиллана. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэдэг хүчтэй зэвсэг. Тайлбарлагчид бол улс орны хэл соёлын түүчээ, илэрхийлэл болж буй хүмүүсийн нэг хэсэг учраас эфирээр хэлний соёлыг түгээх үүрэг хариуцлага бий.
  1. - Энэ жил Франц түрүүлнэ гэж таамаглаж байна. Хорин жилийн өмнө дэлхийн аварга болж байсан энэ багийн шинэ үе гарч ирсэн байна. Яах аргагүй хөлбөмбөгийн спортоор тэргүүлэх хөгжилтэй орон. Дасгалжуулагч тамирчдаа зөв сонгосон. Бүрэлдэхүүн нь жигд, чанартай. Хоёр жилийн өмнө Европын АШТ-д мөнгөн медаль хүртсэн гээд олон давуу тал байна. Гэхдээ тэднийг хожих боломжтой Герман, Бразил, Бельги, Испани зэрэг шилдэг багууд бий.
Нийтэлсэн: MNB Sport

Мэргэжлийн тайлбарлагчдын шинэ үе "ФИФА-2018" ДАШТ-ийг хүргэнэ   
Үзсэн: 5405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй