Шууд Chart

Хөлбөмбөгийн ДАШТ “D” хэсэг

2018-06-18 08:42:07

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 22. Аргентин – Хорват
  • 2018 оны 6 сарын 27. Нигери – Аргентин

 Хорватын шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан бэ?:

Хуучин Югослав улсаас салж тусгаар тогтнолоо зарласнаас хойш Хорватын шигшээ баг 5 дахь удаагаа дэлхийн аваргад оролцож байна. Хорватын шигшээ баг Европын бүсийн I хэсгээс 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтойгоор Исландын шигшээ багийн араас хүснэгтийн 2-р байранд бичигдэн плэй-оффын нэмэлт тоглолт хийсэн. Нэмэлт тоглолтоо Грекийн шигшээ багтай хийж хоёр тоглолтонд 4-1 харьцаатай ялалт байгуулснаар дэлхийн аваргад оролцох эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач : Д.Ливакович, Л.Калинич, Д.Субашич
  • Хамгаалагч: Ш.Врсалько, И.Стринич, В.Чорлука, Д.Ловрен, Т.Едвай, Д.Чалета-Цар, Д.Вида, Й.Пиварич
  • Хагас хамгаалагч: И.Перишич, И.Ракитич, М.Ковачич, Л.Модрич, М.Брокович, Ф.Брадарич, М.Бадель
  • Довтлогч: А.Крамарич, Н.Калинич, М.Манжукич, А.Ребич, М.Пьяца

Од тоглогч:

Хорватын шигшээ багийг найрал дууны баг гэж үзвэл түүний удирдаач нь Л.Модрич юм. Өдгөө 32 настай Л.Модрич шигшээ багийнхаа төлөө аль хэдий нь 107 тоглолтонд оролцоод байгаа бөгөөд шигшээ багтаа ч, тоглож буй клубтээ ч тэр талбайн төвийн орлуулшгүй найруулагч юм.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

24 настай залуу довтлогч А.Ребич бол Хорватын шигшээ багаас гялалзах учиртай залуу тоглогч юм. Германы Айнтрахт Франкфурт клубт хүчин зүтгэдэг А.Ребич бол хурд болон техникээрээ ялгарч чаддаг бөгөөд эсрэг багийнхаа хамгаалалтыг задлах чадвартай авъяаслаг залуу юм.

Дасгалжуулагч:

Хорватын шигшээ баг дэлхийн аваргын урьдчилсан шатыг А.Чачичийн удирдлага дор хийсэн бол дэлхийн аваргын төлөөх нэмэлт тоглолтоо Украйны эсрэг хийхдээ З.Даличийн удирдлага дор хийж хожил авч Оросыг зорих эрхээ авсан. Шигшээ багаа хүлээн аваад ердөө 8 сар болж буй З.Далич анх удаагаа дэлхийн аваргад оролцож байна.

Дэлхийн аваргын түүх:

Хорватын шигшээ баг тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш анх удаагаа 1998 оны дэлхийн аваргад оролцож шууд хүрэл медаль хүртсэн байдаг. Харин түүнээс хойш 2002, 2006, 2014 оны ДАШТ-нд оролцохдоо хэсгээс гарч чадаагүй байна.

Боломжит амжилт:

Хорватын шигшээ баг тун эвгүй хэсэгт багтсан. Сүүлийн 2 жил дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд нээлт болж буй Исланд, дэлхийн 2 удаагийн аварга Аргентин болон Африк тивийн “хатуу самар” Нигерийн шигшээ багуудтай багтсан. Хорватын шигшээ багийг энэ хэсгээс гарах эсэх нь Л.Модрич, И.Ракитич болон М.Ковачич нараас ихээхэн хамаарна.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 22. Аргентин – Хорват
  • 2018 оны 6 сарын 27. Исланд - Хорват

Исландын шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан бэ?:

Ердөө 2 жилийн өмнө Европын АШТ-нд цахиур хагалан дунд шөвөгт шалгарч байсан Исландын шигшээ баг анх удаагаа дэлхийн аваргад оролцож байна. Тэрээр Европын бүсийн I хэсгийг 22 оноотой тэргүүлснээр дэлхийн аваргад оролцох эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач : Х.Халльдоурссон, Ф.Шрам, Р.Рунарссон
  • Хамгаалагч: Б.Севарссон, С.Фридйонссон, С.Ингасон, Р.Сигурдссон, К.Арнасон, Х.Эйеульфссон, Х.Магнуссон, А.Скуласон
  • Хагас хамгаалагч: Й.Гудмундссон, Б.Бьярнасон, Г.Сигурдссон, О.Скуласон, А.Гуннарссон, Р.Гисласон, Э.Хадльфредссон, А.Траустасон
  • Довтлогч: А.Гюдмундссон, Б.Сигурдарсон, А.Финнбогасон, Й.Бёдварссон

Од тоглогч:

Английн Премьер лигийн Эвертон клубын хагас хамгаалагч Г.Сигурдссон бол Исландын шигшээ багийн хамгийн авъяаслаг тоглогч юм. Шигшээ багийнхаа төлөө 58 тоглолтонд оролцож 19 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлээд байгаа Г.Сигурдссон эсрэг багийн хамгаалагч нарт хамгийн аюул тарих тоглогч юм.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Шигшээ багийнхаа төлөө ердөө 4 тоглолтонд оролцоод буй Норвегийн Волеренга клубын хамгаалагч чиглэлийн 22 настай тоглогч С.Фридйонссон бол Исландын шигшээ багийн ирээдүйд гэрэлтэх тоглогч юм. Талбайн аль ч хэсэгт тоглох чадвартай гэдгээ харуулаад байгаа шилдэг залуу тоглогч юм.

Дасгалжуулагч:

Шүдний эмч мэргэжилтэй Х.Хадльгримссон шигшээ багаа 2013 оноос хойш удирдаж байна. Өнөөгийн Исландын шигшээ багийн үзүүлж буй амжилт бол 51 настай эрхэм Х.Хадльгримссонтой салшгүй холбоотой. Шигшээ багаа удирдан 3 жилийн дараа шигшээ багаа анх удаагаа Европын аваргад оролцсон бол 5 жилийн дараа мөн шигшээ багийнхаа түүхэнд анх удаагаа Исландын шигшээг дэлхийн аваргад оролцуулж байна.

Дэлхийн аваргын түүх:

Дэлхийн аваргад анх удаагаа оролцож байгаа.

Боломжит амжилт:

Дэлхийн аваргын урьдчилсан шатанд Хорватыг буулган авч байсан. Иймд хэсэгтээ тийм ч сул өрсөлдөгч биш юм. Магадгүй хэсгээс гарахад гайхах зүйлгүй болов уу?

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 22. Нигери – Исланд
  • 2018 оны 6 сарын 27. Исланд – Хорват

Нигерийн шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан:

Африк тивийн төлөөлөл “Супер бүргэдүүд” Африкийн бүсийн 3-р шатанд В хэсгийг 13 оноотой тэргүүлсэн. Тэрээр 4 хожиж, 1 тэнцсэн бол Алжирын шигшээ багт хожигдсон. Гэхдээ энэ хожигдол бол “Супер бүргэдүүд”-ийг дэлхийн аваргын эрхээ авахад төдийлөн саад болж чадаагүй.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: И.Эзенва, Д.Акпейи, Ф.Узохо
  • Хамгаалагч: Б.Идову, У.Эчиежипе, В.Ндиди, У.Троост-Эконг, Л.БалогунШ.Абдуллахи, Ч.Авазьем, Т.Эбюэхи
  • Хагас хамгаалагч: О.Этебо, Ж.Микел, В.Мозес, С.Нванкво, О.Онази, Ж.Огу, К.Омеруо
  • Довтлогч: А.Муса, О.Игало, К.Ихеаначо, Ж.Оби, А.Ивоби

Од тоглогч:

Нигерийн шигшээ багийн хамгийн туршлагатай тоглогч бол өдгөө Хятадын Тианжин Тэба клубт тоглож буй Жон Оби Микел юм. Тамирчны карьерынхаа оргил үеийг Английн Премьер лигийн Челси клубт өнгөрүүлсэн Жон Оби Микел шигшээ багийнхаа төлөө 85 тоглолтонд ороод байна. Талбайн араас довтолгоог эхлүүлэх чадвартай, хүчтэй цохилттой энэ залуу Нигерийн шигшээ багийн хамгийн шилдэг тоглогч нь байсаар л байна.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Английн Манчестер Сити клубын академиас гарч ирсэн 21 настай довтлогч К.Ихеаначо бол “Супер бүргэдүүд”-ийн ирээдүй юм. Өнгөрсөн улиралд Лейстер Сити клубт очсон К.Ихеаначо клубынхээ төлөө 21 тоглолтонд оролцож 3 гоол оруулаад байна. Хэдийгээр өнгөрсөн улиралд төдийлөн гялалзаж чадаагүй ч түүний өмнө том ирээдүй хүлээж байна.

Дасгалжуулагч:

64 настай Герман мэргэжилтэн Г.Рор Нигерийн шигшээ багийг удирдаж байна. Тэр өмнө нь Африкийн хэд хэдэн шигшээ багт ажиллаж байсан ч төдийлөн өндөр амжилт үзүүлээгүй байгаа.

Дэлхийн аваргын түүх:

Нигерийн шигшээ баг 1994 оны АНУ-д болсон ДАШТ-нд анх удаагаа оролцож байсан бол одоо 6 дахь удаагаа дэлхийн аваргад оролцож байна. Дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь бол 1994, 1998, 2014 онуудад шөвгийн 16-д шалгарч байсан.

Боломжит амжилт:

Бодит байдал нь “Супер бүргэдүүд” D хэсгээс гарах боломж тун бага байна. Нигерийн шигшээ баг дэлхийн аваргын өмнөх нөхөрсөг тоглолтуудаас хожил авч чадаагүй.

Тоглолтын хуваарь:

  • 2016 оны 6 сарын 22. Нигери – Исланд
  • 2016 оны 6 сарын 27. Нигери - Аргентин
Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөлбөмбөгийн ДАШТ “D” хэсэг  
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй