Шууд Chart

Лионель Мессигийн төрсөн өдөр өчигдөр тохиов

2018-06-25 08:54:04

Лионель Мессигийн 31 насны төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Гэвч түүнд төрсөн өдрөө тэмдэглэх таатай шалтгаан байсангүй. Учир нь Аргентины шигшээ баг Исландтай тэнцэж, Хорватад хожигдон, хоёр тоглолтын дараа ердөө ганцхан оноотой байгаа бөгөөд плей-оффоос гарах эсэх нь эрсдэлтэй байгаа юм.

Тиймдээ ч Месси болон Ко нар Москвагийн ойролцоох бааздаа байрлан, маргааш Нигертэй тоглох шийдвэрлэх тоглолтондоо илүү анхаарал төвлөрүүлэхээр хичээж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.

Хэдий Мессигийн хувьд төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээс илүүтэй дараагийн тоглолтоо бодож байгаа ч алдарт хөлбөмбөгчид зориулан Москвагийн бялуучид 60 кг жинтэй шоколадан бялуу урласан байна. Мессиг дуурайлган хийсэн бялууны өндөр нь яг л хөлбөмбөгчний өндөртэй бараг л ижил бол жин нь 12 кг-аар бага юм байна.

Ийнхүү алдарт хөлбөмбөгчинд зориулсан бялууг түүний төлөөлөгчөөр дамжуулан бааз руу нь хүргүүлсэн байна.

Энд дуулгахад, Лионель Месси 1987 оны зургаадугаар сарын 24-нд Аргентины Росарио хотод төржээ. Тэрбээр Италийн цагаач гэр бүлээс гаралтай. Эцэг Хорхе Орасио Месси ган хайлуулах үйлдвэрт ажилчин, ээж Селия Мария Месси цэвэрлэгч байжээ. Лионель Месси эцэг эхээс дөрвүүлээ, хоёр ах, нэг эгчтэй.

Месси таван настайгаасаа эхлэн эцэг Хорхе нь дасгалжуулдаг “Грандоли” хөлбөмбөгийн клубт хичээллэж эхэлсэн байна. Харин 1995 оноос мэргэжлийн клубт тоглох болжээ.

 

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

Лионель Мессигийн төрсөн өдөр өчигдөр тохиов  
Үзсэн: 1369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй