Шууд Chart

“Авлигын эсрэг сургалт”-ыг 9 удаа зохион байгуулав

2018-06-25 14:10:09

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах буюу соён гэгээрүүлэх, мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр:

Олон нийтийн төвд “Авлигын эсрэг сургалт”-ыг 9 удаа зохион байгуулж, нийт 926 төрийн албан хаагчийг хамруулсан байна. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцын байгууллагуудын санхүүгийн ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцсон 151 хүн, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 50 хүн, Батлан хамгаалах салбарын санхүүгийн асуудал хариуцсан 180 хүн, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн 15 хүнд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар сургалт, мэдээлэл хийв.

  • Олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх ажлын хүрээнд “Өөр ирээдүй” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
  • МҮОНТ-тэй хамтран ажиллаж “АТГ-ын мэдээлэл” нэвтрүүлгээр авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч байгаа нийтлэг зөрчил дутагдал, АТГ-аас яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилттэй холбоотой тус бүр 10 минутын 5 удаагийн нэвтрүүлэг бэлтгэн хүргүүлэв.
  • Монгол Улсын Их Хурлын 2016 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тогтоолоор баталсан “Авлигтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хүүхэд, залуучуудад шударга ёс, зан чанарын талаар мэдлэг, ур чадвар олгох болон хариуцлагатай, ухамсартай, оролцогч иргэн болгон төлөвшүүлэх  агуулгыг бага, дунд, ахлах ангийн Иргэний нийгмийн хичээлийн хөтөлбөрт оруулахаар БСШУСЯ, АТГ хамтран ажиллахаар тохиролцлоо. Сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нар хандив, төлбөр хураамжийг хавтгайруулан хураах, зориулалтын бусаар зарцуулах, боломжгүй, гомдол гаргасан хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж буй талаарх гомдол мэдээлэл АТГ болон Нийслэлийн боловсролын газарт маш их ирж байна. Түүгээр зогсохгүй ангийн эцэг эхийн зөвлөл санаачлан дураараа мөнгө хураах, янз бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах үзэгдэл газар авч иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна. Иймд салбарын хэмжээнд үйлчилж байгаа хууль, дүрэм журмын зохицуулалтыг илүү тодорхой болгох, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр АТГ болон БСШУСЯ, НМХГ хамтран ажиллахаар боллоо. 
  • Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд АТГ-ын ажлын хэсгүүд авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй танилцах зорилгоор яам, агентлаг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд ажиллаж байна. Үүний хүрээнд хийгдэж буй зарим ажлуудаас дурдвал:
  • Нийслэлийн газрын албанд 2017, 2018 онд шинээр олгосон газрын зөвшөөрөл, нийслэлийн 2018 оны баталсан төсвөөс “магадалшгүй ажил” гэж төлөвлөсөн 5 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөс 5 тэрбум төгрөгийг Нийслэл өөр дээрээ авч үлдсэн, нийт 10 тэрбум төгрөгийн зарцуулалт, төлөвлөлтийг судлан үзэж байна.
  • “Эрдэнэс Монгол” ХХК нь 2017 онд 89 сая төгрөгөөр уул уурхайн цахим систем худалдан авсан гэх боловч зах зээл дээрх ханш нь 40 сая төгрөг байсан, мөн 2017 оноос хойш тус компани нь “Компани засаглалыг сайжруулах төсөл” боловсруулж санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас 35 сая долларын хөнгөлөлттэй зээл хэлбэрээр босгосон ба төслийн зөвлөхөөр ажиллаж буй гадаадын иргэдэд нэг жилийн хугацаанд 2 сая гаруй долларын цалин олгосон асуудлыг судалж байна.
  • “Монголросцветмет” ХХК-ийн 2017, 2018 оны худалдан авах ажиллагааг шалгахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтууд хэрэгждэггүй, хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээг журмын дагуу хийгээгүй, мөн хувьцаа эзэмшигчдийн маргаантай асуудлаас болж компанийн Төлөөлөн удирдах зөвлөл албан ёсоор томилогдоогүй, улмаар тус компанийн худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар 2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдаагүй, худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр дүнг нийтэд түгээх зорилготой Төрийн худалдан авах ажиллагааны системд вэб хуудас нээж хөтлөх эрх нь нээгдээгүй байна. Мөн төлөвлөгөөг ил тод зарлаагүй, урьдчилгаа төлбөрийн баталгаагүй байхад урьдчилгаа төлбөр олгосон, харьцуулалтын арга хэрэглээгүй зэрэг зөрчил бүхий нийт 2 тэрбум 327 сая төгрөгийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг судлан үзэж байна.
  • Налайх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах явцад илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан. Тухайлбал, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохдоо дүүргийн татварын хэлтэс, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар тамхины тусгай зөвшөөрөл олгохдоо иргэдээс тус тус гэрчилгээний үнэ гэж төлбөр төлүүлж байгаа нь хуульд заагаагүй төлбөр хураамж гэж ажлын хэсэг үзсэн. Дүүргээс дээрх хууль бус хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авахаар тогтсон.
  • Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчаас 2017 онд 7 аймаг, 2 яам, 3 агентлаг, 3 дүүрэг, 4 төрийн өмчит хуулийн этгээдийн 22 байгууллагад  хүргүүлсэн мэдэгдлийн мөрөөр авлигын гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг  бодитой арилгуулах, улмаар таслан зогсоох, авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллагуудын хүлээх нийтлэг үүргийн хэрэгжилт хангуулах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

“Авлигын эсрэг сургалт”-ыг 9 удаа зохион байгуулав  
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй