
ОХУ Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах үүргийг Катарт шилжүүлэн өгчээ. Кремлийн ордны Георгийн Их танхимд болсон энэхүү ёслолын арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Катарын Эмир Тамим бин Хамад аль-Тани, Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино нар оролцсон талаар FIFA мэдээлэв.
Энэхүү арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ДАШТ-2018" тэмцээний хасагдах шатанд хэрэглэж байсан "АДИДАС" брэндийн “Телстар Мечта” бөмбөгийг өөрийн биеэр индэр дээрээс авч, Катарын Эмирт гардуулан өгсөн байна. Дараагийн буюу 22 дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд Катарт болох юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин "ДАШТ-2018" энд хүрээд өндөрлөлөө. Өнөөдөр тус тэмцээний бамбарыг ОХУ-аас Катарт шилжүүлэн өгөх ёслол тохиож байна. Энэхүү гайхалтай тэмцээнийг үздэг, сонирхдог бүх хүний сэтгэлд хүрэхийн төлөө хийсэн бүхнээрээ бид бахархаж байна. Дэлхийн хөлбөмбөгийн байгууллагууд болон дэлхийн өнцөг булан бүрээс ОХУ-д хүрэлцэн ирсэн зочид, үзэгчдээс бид асар их талархал хүлээн авлаа. Дараагийн ДАШТ-ийг Катарын нөхөрсөг ард түмэн мөн онцгой зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино хэлэхдээ, “Ноён Ерөнхийлөгч өө, би өнөөдөр маш их баяртай байна. "Тавтай морил эрхэмсэг нөхөд өө” хэмээн орос, англи, араб хэлээр хэлээд, “Эдгээр үг биднийг бүтэн сарын турш дагалдан явсан бөгөөд цаашлаад ирэх дөрвөн жилийн хугацаанд мөн дагалдан явах болно. Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах бамбарыг шилжүүлэн өгөх арга хэмжээг Кремлийн ордонд зохион байгуулж байгаа нь асар их хүндэтгэл юм” гэжээ.
Мөн тэрбээр “Хөлбөмбөг нь хүсэл, сэтгэл хөдлөл, хайр, гэр бүл, эв нэгдэл гэсэн сайхан зүйлсийг агуулдаг бөгөөд бид энэ бүхнийг ОХУ-д мэдэрсэн бол одоо бид энэ сайхан бүхнийг Катарт шилжүүлэн өглөө. ОХУ-д бидний харж мэдэрсэн сайхан, эерэг энерги бүхнийг Катарт мөн адил мэдэрнэ гэдэгт би итгэлтэй байна. Бид ОХУ-д хайртай болсон. Хүн бүрийг Катарт урьж байна” гэж мэдэгджээ.
Катарын Эмир Эмир Тамим бин Хамад аль-Тани хэлэхдээ, “үнэхээр гайхалтай ДАШТ-ийг зохион байгуулсан ОХУ болон таньд баяр хүргэе. Дараагийн ДАШТ-ийг зохион байгуулахад “Russia 2018” тэмцээнийг Зохион байгуулах хорооны гишүүд туслалцаа үзүүлж байгаад мөн талархал илэрхийлмээр байна. Үүний зэрэгцээ ДАШТ-2022 тэмцээнийг эх орондоо зохион байгуулах болсон нь Катарын хувьд маш чухал түүхэн үйл явдал болох юм. Энэхүү нэр хүндтэй үүргийг хүлээн авсан нь Арабын ертөнц даяар баяр хөөр авчирсан. Бид ОХУ-ын энэ амжилтыг давтана, магадгүй илүү сайн зохион байгуулна гэж найдаж байна” гэжээ.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий бамбарыг Катарт шилжүүлэв | ||
Үзсэн: 1695 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.