Ажлын шинэ өдөр. Ажилдаа яаран автобусны буудал руу жирийлгэв. Гэтэл нэг л хачин эл хуль. Хүнээ булаацалдан, дрифт хийх шахам хурдалж, формулад өрсөлдөж буй аятай хурд мэдэн уралддаг байсан хэдэн АВТОБУС маань үгүйлэгдэв. Хөл дүүжлэх унаагүй нийслэлчүүд АВТОБУСНЫ ЗОГСООЛ сахин, хүйтэнд чичрэн зогсоно. Авдаг хэдтэй нь ярихдаа хатуухан захирлаа бодон, ажлаасаа хоцрох болсондоо сэтгэл гундуухан.
Ар гэрт нь амаа ангайн хоол нэхэх үр хүүхэд нь тэдний хувьд эрхэм тулдаа хүмүүс ийнхүү тэсэн АВТОБУС ирэхийг хүлээн тэвчээртэй зогсоно. Аавынхаа хүзүүнээс зүүгдэн тэврүүлэх бяцхан хүүгийн хацар даарч, бие нь жихүүцнэ. Хөгшин буурай охиныхоо хүүхдийг очиж харна хэмээн амалсандаа битүүхэн яарч АВТОБУС ирэхийг хүлээнэ. Хотын түгжрээ илт багасчээ. АВТОБУС байхгүй, ирэхгүй байгаад явган нь ундууцаж, хөсөгтэй нь гайхширна.
Баячууд нь харин үүнийг үл анзаарах тул ааш омгоороо бие биенээ хэмлэн замын уртыг хурд мэдэн туулна. Нийслэлийн шинэ өглөөний дүр төрх ийн бууж байна. Автобусгүй хот, явган нийслэл болсон УЛААНБААТАР минь ийнхүү нойрмоглон сэрэх аядав. Ерөнхийлөгчийн, байгалийн, байгууллагын, банкны гэх олон сюрпризэд дарагдсан нийслэлчүүд энэ өглөөг АВТОБУС компаниудын АЖИЛ ХАЯЛТ гэсэн нэгэн шинэ сюрпризтэйгээр угтаж буй нь энэ.
Утаан хөшиг хоолой хорсгон, нүд бүрэлзүүлж, өвлийн хахир есийн хүйтэн жавар бие жихүүцүүлсэн ийм нэгэн өглөөг БИД угтав. Би ажилдаа яарч байна. Төр нь чалчаа, түшмэдүүд нь шунахай, иргэд нь зутруу МОНГОЛ минь яалтай. Хэдэн жолооч нарт амьдрал эрхэм, орлого чухал, ард олонд дулаан соёлтой үйлчилгээтэй НИЙТИЙН ТЭЭВЭР хэрэгтэй. Хотын тамгатай дарга, холдоо гүйдэлтэй АВТОБУС компанийхан минь учир зүйгээ хурдан олж, түмэн олноо битгий чирэгдүүлээсэй. Өглөө яаж ийгээд ажилдаа ирлээ. Харин орой...
Автобус гэгч "ажлын садаа" | ||
Үзсэн: 10985 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.