МҮОНТ-ийн 51 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ их айлын сурвалжлагч, зураглаачаас эхлээд дарга нарыг хүссэн газарт нь саадгүй хүргэж, их ажлыг нь бүтээлцдэг эрхэм бол жолооч. Иймд энэхүү хүндтэнийг төлөөлүүлж, 20 гаруй жил ажиллаж буй Сэр-Одын Зундуйдоржтой ярилцлаа.
-Телевизийн жолооч болох ажлын гараагаа та анх ямар машины рүл мушгиж эхэлж байв бэ?
-Юуны өмнө байгууллагынхаа хамт олонд ойн баярын мэндийг хүргэе. Радио, телевизийн хэрэг эрхлэх газар гэж байхад би 1994 онд ажилд орсон. Тэр үед манай саахалт айлын Гэндэнгончиг гэдэг ах энд ажиллаж байсан юм. Намайг ч гайгүй танина. Би тэр үед фургоноор хот хооронд хүн зөөдөг байлаа. Тэгсэн нэг өдөр надтай уулзахдаа “Чи миний ажиллаж байгаа телевизэд жолоочоор орохгүй юм уу. Тэгнэ гэвэл дарга нартай уулзаад үзээрэй” гэсэн санал тавьсан юм. Ингээд л би дарга нартайгаа уулзаж, ажилдаа орсон доо.
-Анх хэн гэдэг хүнтэй уулзсан бэ?
-Телевизийн дарга О.Алтансүх, програмын хэлтэсийн дарга буюу одоо ахмадын хорооны даргаар ажиллаж байгаа Сүхбаатар нартай уулзсан. Хаана ажиллаж байсныг асуухад нь Оросын байгууллага, хилийн цэрэгт ажиллаж байгаад жил хэртэй тухайн үеийн жишгээр ганзгын наймаа хийдэг байснаа хэлсэн.
-Уулзалдсаны маргааш л машин шууд хүлээлгэж өгсөн үү?
-Тухайн үед манайд машин ховор байсан. Гэхдээ надад 65-30 улсын дугаартай УАЗ-469 машиныг бариарай гэж хэлсэн. Сүүлд нь би актанд явуулж байсан л даа. Тэр төмөр хүлгээ бариад зургаан сар орчим болж байтал манайд жолоочоор ажиллаж байсан Гансүх агсанд өгчихсөн. Машиныхаа арга барилыг овоо гайгүй олоод байсан би яг үнэндээ дургүй байсан. Учир нь тэр машинаар хөдөө явхад нэн тохиромжтой, сайн унаа. Ингээд надад түүний барьж байсан Япон машин шилжиж ирсэн. Тэр үед Япон тэрэгний сэлбэг ховор. Помп нь л амархан мууддагаас бусдаар гайгүй. Түүнээс хойш янз бүрийн тэрэг барьж, уран бүтээлчидтэйгээ Монголынхоо газар нутгаар их явлаа. Одоо ч тэгж явах сонирхол буурч. Манай телевизийн сурвалжлагч П.Алтанцэцэг, зураглаач Сүхбалсан нартай Монголын домогт хутагтуудын тухай баримтат сурвалжилганд ирж, очин жил орчим хугацаанд явж гүйцэтгэсэн. Телевизийнхээ буянаар очиж үзээгүй газар ч гэж байхгүй.
-Хамт яваа хүмүүсийнхээ өмнө хариуцлага үүр яваа болохоор бэрхшээл ч их тулгардаг байлгүй ...
-Өвлийн улиралд аль нэг аймаг, сумын төвд очихоор граж олдох нь ховор, хучлага гэж бараг байдаггүй. Тиймээс гайгүй нөмөртэй газар олж, зогсоогоод л хононо. Ингээд өглөө болгож, машин хөлдсөн байвал хамт яваа хүмүүсээсээ түрүүлж босоод галлаж асаана. Ажилдаа гархад нь яг л бэлэн байж байхгүй бол болохгүй. Бүх юм цагаар тооцоологдсон байдаг.
-Гэхдээ аль нэг компанийн захирал, УИХ-ын гишүүний жолоочтой харьцуулахад тэс өөр шүү дээ ...
-Телевизийн жолооч нар сайхан. Дандаа сонирхолтой, сайхан зүйлд хамт явж, содон хүмүүстэй уулзана. Үзээгүй газартаа ч хүрнэ. Бидний хамт явж хийсэн сурвалжлага, нэвтрүүлэг дараа нь телевизээр гарч байхыг ч харах сайхан, дурсгалтай. Харин таны хэлсэн шиг дээрх хүмүүсийн жолооч байсан бол хэзээ гарч ирэх нь мэдэгдэхгүй алга болчихоор хүлээхээс эхлээд төвөгтэй юм шиг санагддаг. Гэтэл бидний ажил нүдэнд ил, тогтсон цаг нь тодорхой. Тэгээд ч би МҮОНРТ хэмээх том айлын ам бүлд багтдагаараа бахархдаг.
-Ер нь энэ ажилдаа ороод нийт хэдэн машин хөлөглөсөн бэ?
-Олон, олон. Цоо шинэ УАЗ-469 машин л гэхэд гурвыг унасан. Хамгийн сүүлд 90-24 УБЯ улсын дугаартай УАЗ-469 автомашинтай байлаа. Тухайн үед намайг хөдөөнөөс томилолтоор ирэхэд Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ц.Мөнхтөр “Та телевизийн гражийг хариуцах хэрэгтэй байна. Тиймээс та одоогоор машин барихгүй болох нь” гэв. Тэгэхээр нь “Тэгвэл би машинаа өөрийн санаачлагаар хэнд өгөхөө мэдэж болох уу” гэсэн чинь “Тэг, тэг. Энэ таны хэрэг” гэсний дагуу би жолооч Отгонпүрэвт түлхүүрээ гардуулж байлаа. Гэхдээ тэр тэрэг сүүлд актлагдсан. Хэдийгээр актлагдаж байгаа ч худалдаж авсан хэн нэгэн ямар нэгэн төвөггүйгээр түлхүүрээ ганцхан мушгиад л асаадаг. Тэгэхээр муу машин актлагддаггүй нь мэдэгдэж байгаа биз дээ.
-Яагаад тэр хүнийг сонгосон юм бэ?
-Машиндаа гамтай харьцдаг болохоор нь. Мөн түүнийг хөдөө явбал УАЗ-469 машин илүү түшигтэй гэсэн үүднээс.
-Өнөөдрийг хүртэл олон газраар явахдаа хөгжилтэй, сургамжтай зүйл их л тохиолдсон байлгүй ...
-Нутгийн хүмүүсээс очих газраа асуусан ч цасан шуургатай шөнө явж байхад бас л юм бодогддог шүү. Өндөр хүчдэлээр л баримжаа авч явсаар зорьсон газраа хүрч байсан үе бий. Хөгжилтэй зүйл гэвэл дээхнэ манай улсад Японы нэг алдартай жүжигчин ирэхэд бид Тэрэлж рүү хамт явсан юм. Бороо ч их орсон байсныг хэлэх үү намаг ихтэй байлаа. Голын ойролцоо зогсож байсан хүмүүс “Энүүгээр сая машин гараад байсан” гэхээр нь орчихсон чинь суучихдаг байгаа. Тэгэхээр нь би ойролцоо байсан трактортой хүнийг гуйж, татуулж гаргуулаад байж байтал манай жолооч Гансэлэм, найруулагч Цэвэлсүрэн, зураглаач Пэрэнлэй нар тусдаа машинтай ирж таарав. Би ч “Энүүгээр гарвал суух юм байна шүү” гэж хэлхийн завдалгүй ороод мөн л суучихсан. Манай Пэрэнлэй их сүрхий л дээ. Машиных нь урд дугуй бараг далд орчихсон шавартай ус руу хамаг хувцасаа тайлж хаяж ороод чирж гаргуулах тросоо бэхэлж билээ.
-Одоо та ямар машин барьж байна вэ?
-МҮОНР-ийн захирал Б.Баярсайханы жолоочоор ажиллаж байгаа. “Optima” маркийн машин унаад хоёр жил хэртэй болж байна.
-Жолооч нар унаж байсан машиндаа амархан дасдаг гэдэг. Та дараагийн хүндээ шилжүүлсэн машинаа хараад юу гэж боддог вэ?
-Шилжүүлнэ гэхээр л “Ямар хүн авах бол” гэж хамгийн түрүүнд боддог. Барьж байсан зарим машинаа дараа нь хараад “Машиныг минь гундааж байгаа нөхөр байна даа” гэж харамсах үе бий.
-Зарим хүн сонирхож байж магадгүй. МҮОНРТ хэдэн жолооч, машинтай вэ?
-30 орчим жолооч, явуулын станцын машинтайгаа нийлээд 30 гаруй төмөр хүлэг бий. Дашрамд хэлэхэд жолооч нарын маань алтан шар зам үргэлж өлзийтэй байж, зорьсон газраа дандаа саадгүй хүрч байхыг ерөөе.
-Ярилцсанд баярлалаа.
С.Зундуйдорж: Би МҮОНРТ хэмээх том айлын ам бүлд багтдагаараа бахархдаг | ||
Үзсэн: 2257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.