
Монголчуудын цээрлэх ёс нь Монгол туургатан үүсч бүрдсэн эрт дээр цагаас улбаатай бөгөөд нүүдэлчин ард түмний бичигдээгүй хууль юм. Цувралаар хүргэж буй энэ удаагийн дугаарт айл гэрийн гол голомтыг дээдлэн хүндлэхийн учир цээрлэх ёсонг хүргэж байна.
Галын хажууд сүхээр мод, яс цавчихыг цээрлэнэ. Галын бурхан тавгүйцнэ гэнэ.
Гал руу нулимахыг цээрлэнэ. Гал голомтыг доромжлов гэх буюу галд бузар дэв орно гэхийн учир тийнхүү цээрлэдэг бөлгөө.
Галтай үнсийг шилгээх, хутгахыг цээрлэнэ. Зөрчвөөс мал сүрэг тархаана гэх буюу ухаан санаа уймран мунхарна гэнэ.
Галд сүү дусаахыг цээрлэнэ. Үнээ малын хөх гэмтэнэ, сүү татарна гэнэ.
Галд шувууны өд, сонгино сармис түлэхийг цээрлэнэ. Малын нүд өвдөнө, сохорно гэнэ.
Галд хутга дүрэхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс гал голомтоо хөнөөх муу ёр удлаа гэх буюу галын бурхан шархадна, хилэгнэнэ гэнэ.
Шал тахих үед галын хайчийг ил байлгахыг цээрлэнэ. Заавал далд хийнэ. Зөрчвөөс галын бурхан цочно гэнэ.
Гал тахин архи, тос өргөх үед жирэмсэн эмэгтэй ойр байхыг цээрлэнэ. Зөрчвөөс ураг унах буюу үр зулбана гэнэ.
Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө гэнэ.
Галын хайч хаалганд хүргэхийг цээрлэнэ. Үүдэн тэнгэр, сахиус хилэгнэнэ гэнэ.
Монголчуудын цээрлэх ёсон | ||
Үзсэн: 3344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.