
Монголын үндэсний бөхийн холбооны маргаанаас болж Монгол бөхийн өргөө өнөөдрийг хүртэл хаалттай хэвээр байна. Намрын нээлтийн барилдааныг Бөхийн өргөөнд зохион байгуулах тов гаргасан ч маргааны улмаас дахин битүүмжилсэн. Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сарын 28-нд талуудын үл ойлголцолоос болж Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагаас Бөхийн өргөөг дахин хамгаалалтад авч үйл ажиллагааг хаасан билээ. Иймээс нээлтийн барилдааныг аравдугаар сарын 6-нд “Алдар” спорт хороонд зохион байгуулсан юм. Энэхүү барилдаанаас хойш товлогдоод байсан ээлжит барилдаанууд хаана, хэзээ болох нь тодорхойгүй болж бөхчүүд ч ээлжлэн үзэл бодлоо хэвлэл мэдээлэл болон сошиалаар илэрхийлж эхэлсэн юм.
Бөхийн холбооны дотоод асуудлууд улам хурцдах үед шинээр допинг хэрэглэсэн бөхчүүд бүртгэгдсэн нь бас л шүүмжийн бай боллоо. Энэ хооронд аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөл шинээр байгуулагдаж, Төрийн бус байгууллага ч байгуулахаар болжээ.
Уг зөвлөлөөс анхдугаар барилдаан болох нийслэлийн баярын өдрийг тохиолдуулан энэ бямба гарагт "Аса" циркэд зохион байгуулах товыг гаргасан байна. Цаашид аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн барилдааныг сар бүр хийж, үзэгчдийг татах шинэлэг барилдааныг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зөвлөлөөс мэдэгдээд буй.
Үүнээс гадна их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, “Монгол бахархал”-ын өдөрт зориулсан чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдааныг ирэх сарын 8-нд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулахаар болжээ.
Бөхийн холбооны маргаанаас болж Монгол бөхийн өргөө нь хаалттай болж, уламжлалт барилдаанууд боломжит бүхий л газрыг хайсаар байгааг бөхчүүд шүүмжилсээр байна. Барилдаан болохгүй байгаа болохоор бэлтгэл хийх бөхчүүдийн тоо багасч эхэлжээ. Уламжлалт бөхийн хэв шинж алдагдаж, уран хурц барилдаан хомс болох үед улс дамнан бөхчүүд барилдсаар байна.
Өвөр Монголд барилдах бөхчүүд олширч Өмнөд Солонгосын үндэсний ширым бөхөөр хичээллэх нь ихэссэн энэ үед маргаантай талууд хэлэлцээрийн ширээний ард суух болсныг бөхчүүд сануулсаар байна.
Монгол түмний баяр цэнгэл болсон бөхчүүдийн бөхийн өргөө хаалгаа бариад хагас жилийг үджээ. Энэ хооронд бөхийн барилдаан “Алдар” спорт хороо, Спортын төв ордонд болдог байсан бол одоо “Аса” цирк, “Буянт-Ухаа” ордонд очиход хүрлээ.
Хаалттай байгаа Монгол бөхийн өргөөний хамгийн их хохирогчид хэн бэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэнтээ "Маргаанаа цэгцэлж чадахгүй, Монгол бөхийн ёс жудаг алдуулсан талцлаа зогсоохгүй бол Бөхийн өргөөг төрд авна" гэж хэлсэн.
Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайдад үүрэг өгч, бөхийн өргөөг төрийн мэдэлд авах асуудлыг хөндөж, ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. Ц.Нямдорж, Л.Чинбат тэргүүтэй санаархагчдын маргаан дундуур ард түмний хөрөнгөөр босгосон бөхийн өргөөгөө төрд аваад, түмнээ баясгасан бөхчүүд нь бэлтгэл, барилдаанаа хийсэн шулуухан болж гэх яриа бөхчүүдийн дунд өрнөсөөр байна. Хэдэн хүний маргаанаас болж Монгол бөхийн түүх, өв соёл алдагдаж болохгүй гэдгийг сануулах хүмүүс ч байна.
Ямартай ч хаалттай, хамгаалалттай Бөхийн өргөөг хүлээсээр ирэх жилийн наадам хүрэх нь. Бөхчүүд нь ид хаваа гайхуулж, бөх сонирхогчид ам дамнан ярилдах уран барилдаан үзэлгүй удсан бөхийн хорхойтнууд ч бөхийн холбооны маргаанд цэг тавихыг хүсч, хүлээсээр байна.
Энэ байдлаараа удвал бөх сонирхогчдын зүгээс сар шинийн барилдаан хаана болох нь эргэлзээтэй байна гэв.
Бөхчүүдэд хоосон заал л чухал байна | ||
Үзсэн: 1121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.