
Хятадын Лүньшэнь нутгийн Хуанлуо буюу Хоняао тосгон нь эртнээс уламжлан дээдэлсээр ирсэн дэлхийд ганц хамгийн урт үстэй Яао үндэстний бахархал болсон газар ажээ. Тосгоны охид эмэгтэйчүүдийн үсний дундаж урт 1.4 м - 1.9 м хүрэх агаад хамгийн урт нь 2.4 м хүрдэг гэнэ. “Дэлхийн анхны урт үстнүүдийн тосгон” хэмээн Гиннесийн номд бичигдсэн энэ тосгон нь Хятаддаа цөөнхөд тооцогддог Яао үндэстний нутаг бөгөөд эндэхийн заншил ёсоор урт үс нь элбэг хангалуун байдал болон урт удаан нас, үргэлжид дэвжин дээшлэхийн бэлэгдэл болдог байна. Тосгоны бүх оршин суугчид Пан овогтой байх агаад 120 эмэгтэйн 80 гаруй нь 1.4 метрээс урт үстэй ажээ. Яао үндэстнийг “Red Yao” гэх нь бий - Учир нь тэд улаан ягаан өнгийн хувцасаар гоёдог юм байна. Хэн хамгийн урт үстэй байна тэр хэрээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээхийн сацуу заяа төөрөг нь тэгширдэг гэж үздэг бөгөөд Яао эмэгтэйчүүд амьдралдаа нэг удаа буюу гэрлэхийнхээ өмнө үсээ тайрдаг байна. Энэ нь 16 эсвэл 18 насанд нь тохиодог бөгөөд тайрсан үсээ хадгалж, дээдэлдэг аж. Тэд ямар ч шампунь, саван хэрэглэлгүй будаа угаадаг голын усаар үсээ угааж ургуулдаг бөгөөд үсээ янзлах арга барил, илэрхийлэл нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал, гэрлэх насанд хүрсэн ч хараахан гэрлээгүй байгаа охид эмэгтэйчүүдийн хувьд хар даавуугаар үсээ ороож янзлах бөгөөд гэрлээгүй гэдгээ тодотгож үснийхээ төгсгөлөөс хэсгийг ил гаргадаг байна. Харин гэрлэсэн эмэгтэйчүүдийн хувьд үсээ битүү хар даавуугаар ороох бөгөөд шинэхэн гэрлэж, нэг хүүхдийн эх болсон Яао эмэгтэй “лүоси”гэх үсний хэв маягийг өөртөө шингээж үсээ янзалдаг ажээ.
Дэлхийн хамгийн урт үстнүүдийн тосгон | ||
Үзсэн: 2757 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.