Шууд Chart

Өвлийн улиралд ямар гутал сонговол зүгээр вэ

2018-10-30 11:22:08

Өвлийн улиралд уналт бэртэлтэд нөлөөлдөг гол хүчин зүйлс бол хүний хүчин зүйл, алхалтын био механик, гадаад орчны хүчин зүйлс мөн гутал юм. Иймд уналт бэртэлтээс сэргийлэхэд өвлийн гутлын загвар, хийц чухал үүрэгтэй.

Өвлийн гутал сонгоход халтиргаанд тэсвэртэй байдал, тав тух, дулаан хадгалах, чийгнээс хамгаалах чадвар, үзэмж зэрэгт анхаарууштай. 

1.Халтиргаанд тэсвэртэй байдал:

Гутлын улны материалын халтиргаанд тэсвэртэй байдлын судалгаагаар өвлийн гутлын улалгаанд өргөнөөр ашиглагддаг полиуретан материал нь халтиргаатай шалан дээр бусад нийлэг, нитрил, резинээс илүү тэсвэртэй байсан ч цас, мөстэй гадаргуу дээр ялгаагүй үзүүлэлттэй байсан байна. Өөр судалгаагаар 49 төрлийн резин, нийлэг зэрэг материалаар хийгдсэн ултай гутлын цас, мөсөн дээрх халтиргаанд тэсвэртэй байдлыг хэмжихэд аль ч төрлийн гутлын улны материал халтиргаанд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлээгүй байна. Харин улны талбай том, хатуу өсгийтэй гутал илүү мааждаг учир үрэлтийг сайжруулж халтирах эрсдлийг багасгадаг байна.

Гутлын ул хөлдөх эрсдэл байдаг учир дараах материалаар хийгдсэн гутал сонговол зохино: резин, каучук, хүйтэнд тэсвэртэй полиуретан. Хүйтэнд тэсвэртэй полиуретан нь зөөлөн, уян хатан, үрэлтэд тэсвэртэй, нугаларамтгай байдгаараа давуу талтай. 

2.Дулаан хадгалах, чийгнээс хамгаалах:

Өвлийн гутлын доторлогоонд үстэй даавуу, амьтны болон хиймэл үс ноос, арьс ашиглаж болох бөгөөд хөлний дулаан хадгалах, арьснаас ялгарах уурыг шингээж хөлийг хуурай байлгах материалаар хийгдсэн байх шаардлагатай. Иймд ус чийг нэвтрүүлдэггүй, гутлан дахь агаарын солилцоог хангасан материалаар хийгдсэн гутлыг сонгоно.

Мөн гутлын хэмжээг сонгохдоо хэт бариу биш, хөлийн хуруунууд чөлөөтэй хөдөлж байгаа эсэхийг шалгаж авах нь чухал. Энэ нь хөлийн дулааныг хадгалах, ноосон оймс өмсөж болох нөхцөлийг бүрдүүлэх юм.

3.Тав тухтай байдал:

Хөдөлгөөний бэрхшээлтэй, өндөр настай, хөл тавхайн анатомийн хувьд өөрчлөлттэй иргэд, бага насны хүүхдүүдийн хувьд маш чухал үзүүлэлтийн нэг бол гутлыг өмсөж, тайлахад эвтэйхэн байх юм. Учир нь хэт хатуу, эсвэл ажиллагаа шаардсан гутал өмсөх нь эргээд хөдөлгөөн, амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлдөг. Хүний хөлийн ул нь тэгш бус гадаргуу дээр явахад зориулагдан уян хатан байдаг. Хэт хатуу ултай гутал өмсөх нь хөлийн нумны уян хатан чанарт нөлөөлөн нугаларахад хүндрэл үзүүлдэг. Ингэснээр хөлийн нум, шагайг дэмжих, тэнцвэржүүлэх үүрэгтэй булчинг суллан сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Үүнээс гадна гутал нь хөлийг хатууруулахад нөлөө үзүүлэх эсэх, гишгэлт болон биеийн тэнцвэрт хэрхэн нөлөөлж буйг харгалзана. 

 

Өвлийн улиралд ямар гутал сонговол зүгээр вэ  
Үзсэн: 2614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй