![](/uploads/201810/news/thumb/0bb488d677097e55aec1cea4beff4ab6_x3.jpg)
Дундад зууны үеийн Монгол цэргийн зэвсэглэлд алсын тусгалтай, сөнөөх хүч чадалтай их буу байв. Энэ тухай тэр үед бусад улс орноос ирж байсан хүмүүсийн дурдатгал, түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Нүүдэлчдийг ямар ч соёл боловсролгүй богино ухаантай зэрлэгүүд мэт үздэг зарим хүмүүст Монгол цэргийн зэвсэг, техникийн хөгжил, түүнийгээ хэр зэрэг чадварлаг хэрэглэж байсан нь тодорхой хариулт болох буй за.
Монгол цэргийн зэвсэглэлд байсан их буу нь Кидан гүрний үеэс өвлөгдөн уламжлагдаж улам боловсронгуй болж ирснийг хэлэх хэрэгтэй. Энэ төрлийн зэвсэг нь Чингис хааны үед чанарын шинэ түвшинд гарч зөвхөн явган, морьт цэргийн эсрэг төдийгүй бэхэлсэн цайз, хэрэм, хамгаалалтыг сэтлэх, нураах гол хэрэгсэл болж байв. Ийм буу нь тухайн үедээ гал, утаа, сүрлэг дуу чимээ, хөнөөх чадвараараа хосгүй байжээ. Чингис хаан баруун зүг хийсэн дайндаа (1218-1220) их буу хэрэглэж байсан бөгөөд түүнийгээ богино буу гэх буюу “пуужин” буу гэдэг байлаа. Мөн хурдан буу буюу арван таван гуурс бүхий шувтлагч буу гэх зэрэг сүр хүч ихтэй гайхамшигт их буу хэрэглэж байж. Монголын цэргийн жанжин Тажир Алтан улсын довтолгооноос өөрийн газар нутгаа хамгаалан байлдаж байхдаа (1233 он) мөн монгол цэргийн жанжин Ганбухын цэрэг (1237 он) их буутай байсан тухай Хятадын түүхчид бичиж үлдээсэн байна. Энэ мэтчилэн Хятадын түүхийн сурвалж бичигт монгол цэрэг дарьт их буу хэрэглэж байсан тухай тэмдэглэжээ.Хятадын түүхч Чжоу Вэй, Тогоон төмөр хаан Цинзян хотыг (1338 он) их буугаар галлаж байсан гэж бичжээ. Юань улсын эхэн үед төв Азиас чулуун сумтай галт үхэр буу олдож байсан тухай мөн тэмдэглэгдсэн байдаг.
Энэ түүхч “монгол цэрэг их буутай тэрэг олонтой, зарим буу нь нэлээд том бөгөөд монголчууд өөрсдөө дарь хийж чаддаг байсан” гэж бичжээ.Тогоонтөмөр хааны үед Товуу нь (1344 он) галт сумаар дээрэмчний завь руу харвахад уг завь нь бутран ихэнх нь шатаж байсан тухай энэ хүн тэмдэглэсэн байдаг.
Ер нь монголчууд 1200 оноос өмнө дарьт зэвсэг, их буу хэрэглэж байжээ гэж үздэг юм. Монгол цэрэг зөвхөн их буу, галт зэвсэг хэрэглээд зогсоогүй, мөн янз бүрийн зориулалттай сумтай байлаа. Дайсныг сүрдүүлэх, их цэргийг удирдан жолоодохын тулд дуут сум хэрэглэж байсан нь бидний үеийн дохионы пуужинтай утга нэг юм.
Дундад зуунд Монголчууд их буу хэрэглэдэг байсан... | ||
Үзсэн: 2356 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.