Шууд Chart

Эх орны эд баялгийг хамгаалах албаны түүхт 80 жилийн ой тохиолоо

2018-11-01 10:43:12

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын түүхт 80 жилийн ой тохиож баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, дурсгалын хөшөөт талбайн нээлт өчигдөр /2018.10.31/ боллоо.

Тэртээ 1938 онд БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн “Улсын хөрөнгийг ашиглан шамшигдуулагчидтай хийх тэмцэлийг хүчтэй болгох тухай” тогтоол гарч Улсын Цагдан Сэргийлэх Газраас уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Гүйцэтгэх хэлтсийн бүрэлдэхүүнд улс, олон нийтийн өмчид халдагсадтай тэмцэх үүрэг бүхий “ЭДИЙН ТАСАГ”-ийг 5 хүний орон тоотойгоор байгуулснаар өнөөгийн Монголын Цагдаагийн байгууллагын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны тулгын чулууг тавьсан байдаг билээ.

Баярын хурал, хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдад шагнал гардуулав. Монгол Улсын Морин хуурын чуулга, Цагдаагийн “Сүлд” чуулга болон Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын авьяаслаг алба хаагчийн ая дуугаа өргөсөн хүндэтгэлийн тоглолт халуун алга ташилт дүүрэн боллоо.

Түүхт ойгоо тохиолдуулан эх орныхоо эд баялгийг хамгаалах тангараг өргөж, түүндээ багтан нэр төртэй ажиллаж буй алба хаагчдад бахархлыг бий болгох, үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Цагдаа” цогцолборт дурсгалын хөшөөт талбайг бүтээн байгуулж нээлтийг нь хийсэн юм.

Ойн баяр ёслолын үйл ажиллагаанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа болон даргын зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж оролцлоо.

Мөн цагдаагийн албанд тангараг өргөж, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад буурлууд, тэдний үйл хэргийг залгамжлан ажиллаж буй алба хаагчид хамтдаа баяраа хуваалцсан юм.

Улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт төр, ард иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч, хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирсэн тус албаныханд баярын мэнд хүргэе.


Эх орны эд баялгийг хамгаалах албаны түүхт 80 жилийн ой тохиолоо  
Үзсэн: 1202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй