
НИТХ-ийн төлөөлөгч, 100 айлыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулгатай ярилцлаа.
-100 айлыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн хурал саяхан болсон. Ер нь энэ асуудал өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж яригдсан. Одоогоор ямар шатандаа явж байгаа вэ?
-Бид ажлын хэсгийн хурлаа хэвлэл мэдээлэлийнхэн болон бусад хүмүүсийг оролцуулж, нэлээн нээлттэй байдлаар хийсэн. Мөн 100 айлд бизнес хийдэг иргэдийн төлөөлөл байлцсан. Дээрх ажлыг гүйцэтгэх ажлын хэсэг үндсэндээ 10 орчим сарын хугацаанд төлөвлөгөөгөө гаргаад явж байна. Энэ хугацаанд бид эхний ээлжинд бизнес эрхлэгчидтэйгээ уулзаж, санаа бодлыг нь солилцсон. Мөн 100 айл орчимд байгаа газраар иргэд үйлчлүүлэхэд хэрхэн хүндрэлтэй байдаг вэ, агаарын болон хөрсний бохирдол хэр их байна вэ гэх мэтэд судалгаа хийлээ. Ажлынхаа хүрээнд бид 100 айлд байгаа модны цехээс эхлээд барилгын гадна, дотно хэрэглэгдэх чулуу, хаалга, шил, дээврийн төмрийн гэх мэт 400 орчим жижиг дунд үйлдвэрийг шилжүүлнэ. Эхний хугацаанд томоохон үйлдвэрүүдийг нүүлгэнэ. Одоогоор зарим үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон байгаа.
-Тэгвэл тэдгээр үйлдвэрийг хаашаа нүүлгэх вэ?
-Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркад. Тэгэхийн тулд тус паркийн ажлыг эрчимжүүлнэ. Уг үйлдвэр нь 2014 оноос ажилаа эхлүүлсэн байгаа. Ингэхийн тулд эхлээд бид Налайхаас 4,6 км-т орших тус үйлдвэр хүртэл хатуу хучилттай зам тавина. Тэгвэл бизнес эрхлэгчид болон худалдан авагчдад бүрэн боломжтой болох юм.
-Тэнд яагаад байршуулахаар төлөвлөсөн юм бэ?
-Урд хөршөөс ирж байгаа бараа материалыг нийслэл рүү оруулж ирэх биш замд нь илүү амар болгож байршуулах нь дээр гэж үзсэн. Мөн Налайх дүүрэг нийслэлийн дагуул хот тул олон мянган иргэн ажлын байртай болох магадлалтай.
-100 айлд гол бизнесээ болгож буй иргэд хөдөлмөрлөдөг. Гэтэл алслагдмал газар шилжүүлнэ гэхээр тэдний эрх ашиг хөндөгдөж байгаа юм биш биз ...
-Бид үүнийг бодолцоогүй биш бодолцсон. 100 айлд 140 гаруй дэлгүүр, 400 гаруй иргэн амьжиргаагаа залгуулдаг юм билээ. Тэд дороо 4-5 хүн ажиллуулдаг гэвэл 4000-5000 иргэн ажилтай байна гэсэн үг. Тэдний эрх ашгийг хөндөхгүйн тулд Налайх дүүргийг хөгжүүлэх ёстой. Гэхдээ хотын төвд үйлчилгээгээ явуулж болох үйлдвэр, худалдаа байвал тэнд үлдээж, тусгай зөвшөөрөгдсөн барилга барьж тэнд оруулна. Ингэснээр олон улсын стандартад нийцнэ гэсэн үг.
-100 айлыг нүүлгэн шилжүүлсний үр дүнгийн талаар хоёулаа яриагаа өндөрлье ...
-Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороо 100 айл орчимд хамрагддаг юм билээ. 100 айлыг газрын зургаас харахад Засгийн газрын ордноос яг нэг км-ын зайнд оршдог. Тэгэхээр яаж ч бодсон тэнд ийм үйл ажиллагаа явуулж болохооргүй байгаа юм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар долдугаар хорооны төлөвлөлтийг 2008 оноос хойш хийж, зураг төслөө гаргасан юм билээ. Гэтэл тэр төлөвлөлт нь мөн хэрэгжихээ больсон. Учир нь цаг хугацааны явцад хувийн компаниуд тухайн газар байршсан айлуудын газрыг худалдан авч, төрөл бүрийн үйлчилгээ явуулаад эхэлж. Тэгэхээр тухайн гаргасан төлөвлөгөө хэрэгжихээ больж байгаа юм. Иймээс бид дээрх төлөвлөгөөний газартай хамтарч 2019 онд шинэчилсэн төлөвлөгөө гаргана.
Ч.Гантулга: 100 айл дахь барилгын материалын үйлдвэрийг Налайх дүүрэг рүү шилжүүлнэ | ||
Үзсэн: 1164 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.