Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

2018-11-22 09:00:00

Уншигч та бүхэнд 11 дүгээр сарын 22-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг сэтгүүлч Л.Алтангэрэлийн бэлтгэснээр хүргэж байна.

1943 онд Ливан улс тусгаар тогтножээ

Бүгд найрамдах Ливан улс нь хойд болон зүүн хэсгээрээ Сири, өмнөд хэсгээрээ Израиль улстай хиллэдэг. 10.452 км/кв газар нутагтай бөгөөд Ази тивд хамгийн жижигт тооцогддог. Тус улс МЭӨ 64 онд Ромын эзэнт гүрний эзэмшилд багтаж байв. Энэ үеэс ард иргэд нь Христийн шүтлэгтэй болсон гэдэг ч хожим Арабын муслим шашинтнуудад эзлэгдсэнээр холимог шашинтай болжээ. Харин Латинчууд Ливанд ноёрхлоо тогтоосноор орчин үеийн хэв шинжээ олсон гэдэг.

1963 онд Жон Кеннеди амиа алджээ

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фитцжералд Кеннеди 1963 оны энэ өдөр харамсалтайгаар бусдын гарт амиа алджээ. Тэрээр хүйтэн дайны үед АНУ-ыг тэргүүлж байх хугацаандаа ЗХУ-тай харилцах харилцаанд тун их анхаарал хандуулдаг байсан гэдэг. Түүний амийг хөнөөсөн Ли Харви Освалд үүнээс хойш 2 хоногийн дараа амиа алдсан тул ял ногдуулж амжаагүй байна.

1968 онд Битлз цомог гарчээ

Битлз хамтлагийн "Битлз" цомгийг хүмүүс “Цагаан цомог” нэрээр нь илүү мэддэг. Энэ цомог нь 1968 оны энэ өдөр сонсогчдын хүртээл болжээ. Энэ цомог нь хамтлагийн нэрээс өөр бичиг, зураггүй цагаан хавтастай байсан тул дээрх нэрийг авсан гэдэг. Тус цомог хөгжим шүүмжлэгчдийн зүгээс ихэвчлэн өндөр үнэлгээ авсан бол зарим нь дууны агуулгыг чухал бус, харин ч улс төрийн шинжтэй хэмээн үзэж байжээ. Гэсэн ч тус цомог АНУ болон Их Британид өндөр амжилт олсон төдийгүй өнөөг хүртэл бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгийн нэгд тооцогдсоор байгаа юм. “Цагаан цомог” худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 250 мянган хувь борлуулагдаж байжээ.

1984 онд Скарлет Йоханссон мэндэлжээ

1984 оны энэ өдөр Америкийн жүжигчин, дуучин Скарлет Йоханссон мэндэлжээ. Тэрээр 2014-2016 оны хооронд дэлхийн хамгийн өндөр цалинтай жүжигчдийг тэргүүлж байсны зэрэгцээ Форбес сэтгүүлийн хамгийн алдартай 100 хүний тоонд хэд хэдэн удаа багтаж байсан юм. Скарлет Йоханссон хүүхэд байхаасаа тайзан дээр жүжиглэж байсан бол анх 1994 онд “Умард” нэртэй кинонд тоглож байжээ. Гэвч 1996 онд “Морьтой шивнэгч” кинонд тоглосноор олонд танигдсан юм. Түүнчлэн 2003 онд “Орчуулгын алдаа” болон “Сувдан ээмэгтэй бүсгүй” кинонд тоглож, үүгээрээ “Бафта” наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртжээ. Мөн нийт 4 удаа “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшиж байсан бөгөөд дууны 2 цомог гаргажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд...  
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй