Шууд Chart

Өнөөдөр анхны ухаалаг гар утсыг танилцуулж байжээ

2018-11-23 11:49:29

1924 ОНД ЭДВИН ХАББЛЫН “ИХ ТЭСРЭЛТИЙН ОНОЛ”-ЫГ НЬЮ-ЙОРК ТАЙМС СЭТГҮҮЛ АНХ УДАА НИЙТЭЛЖЭЭ

Данийн эрдэмтэн, сансар судлаач Эдвин Хаббл огторгуйн биет хоорондын зай нь оддын гэрэл улаан спектрт шилжих тусам ажиглагч хүнээс хол байна гэсэн нээлт хийсэн юм. Энэ улаан шилжилт галактик болон ажиглагч хоорондын зайг хэмжих гол үзүүлэлт болсон юм. Хийн мананцраас үүсэлтэй галактикууд тэрбум од, тоосонцор, хийнээс бүрдэнэ. Гэвч энэхүү бөөгнөрсөн матери хоосон орон зайд зүгээр ч нэг хөдөлдөггүй. “Улаан шилжилт” эдгээрийг биднээс улам бүр холдож буйг илтгэнэ. Ингэхдээ,холдох тусам хурд нь ихэснэ, харин хурд ихсэж байгаа нь орчлон тэлж буйн шинж. Энэ дүгнэлт байгалийн шинжлэх ухаан, шашин, гүн ухааны салбарынхныг туйлын их гайхшруулж байжээ. Түүний энэ нээлтийг Америкийн Нью Йорк Таймс сэтгүүл 1924 оны энэ өдөр, анх нийтэлж байжээ.

1971 ОНД БНХАУ НҮБ-ЫН ГИШҮҮН ОРОН БОЛЖЭЭ

 1971 оны энэ өдөр, БНХАУ Хятадын албан ёсны засгийн газрын хувиар НҮБ-д элсэж, анх удаа ерөнхий ассамблейн чуулга уулзалтад оролцсон байна. Мөн НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн орны нэг болсон юм.  Энэ үеэс өмнө, Тайван улс Хятадыг НҮБ-д төлөөлж байсан ч, Тайваны суудлыг Хятадад шилжүүлэн өгсөн байна.

1976 ОНД “APNEIST JACQUES MAYOL ДАЛАЙ РУУ 100 МЕТРИЙН ГҮНД ШУМБАЖ ХҮРСЭН АНХНЫ ХҮН БОЛЖЭЭ

Дэлхийн хамгийн шилдэг шумбагчдын нэг бол Францын шумбагч Эйпнист Жакюс Майол юм. Тэрээр усны гүн рүү шумбах спортын төрлийн олон гайхалтай амжилтуудын эзэн юм. Тухайлбал, Тэрээр, 1976 оны энэ өдөр, 49 настайдаа, ямар ч амьсгалын тоног төхөөрөмжгүйгээр, ус руу 100 метрийн гүнд шумбаж хүрсэн дэлхийн анхны хүн болсон байна. Үүний дараа, 1983 онд, энэ амжилтаа ахиулж, 56 насандаа, 105 метрийн гүнд шумбан хүрч байжээ. Усанд шумбалтын спортоор хичээллэхэд, уушгины багтаамж сайн байх хэрэгтэйгээс гадна, амьсгалаа зөв түгжиж, зөв хуваарилах чадвартай байх нь хамгийн чухал юм.

1992 ОНД IBM SIMON НЭРТЭЙ АНХНЫ УХААЛАГ ГАР УТСЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ

Орчин цагийн ухаалаг гар утасны эхлэлийг тавьсан IBM SIMON нэртэй ухаалаг гар утсыг 1992 оны энэ өдөр анх олон нийтэд танилцуулжээ. Олон улсын бизнес моторс корпорацийн зохион бүтээгчид энэхүү ухаалаг гар утсыг АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Комдекс технологийн үзэсгэлэнгийн үеэр анх танилцуулсан. Дэлхийн хамгийн анхны ухаалаг гар утас болох IBM Simon нь цахим шуудан илгээдэг, хуанлитай, тэмдэглэл хөтлөх боломжтой, тооны машин, дэлхийн цаг  зэрэг давуу талтай байсан байна. Харин овор хэмжээний хувьд, 500 орчим гр буюу бараг хагас кг орчим жинтэй байжээ. 1994 оны 8-р сарын 16-нд анх зах зээлд 899 америк долларын үнэтэй гарч, 50 мянган ширхэг борлуулсан байна. Одоо энэхүү анхны ухаалаг гар утас Лондон хотын Шинжлэх ухааны музейд хадгалагдаж байдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өнөөдөр анхны ухаалаг гар утсыг танилцуулж байжээ  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй