Шууд Chart

1732 онд Английн эзэн хааны нэрэмжит дуурийн театр нээгджээ

2018-12-07 12:23:53

1732 ОНД АНГЛИЙН ЭЗЭН ХААНЫ НЭРЭМЖИТ ДУУРИЙН ТЕАТР НЭЭГДЖЭЭ

Эзэн хааны нэрэмжит дуурийн театр нь Лондон  хотын төвд байрладаг. Тус театр дуурь, бүжгэн жүжгийн тоглолтуудыг зохион байгуулдаг бөгөөд хамгийн анх 1734 онд бүжгэн жүжиг тавьж, жилийн дараа дуурийн тоглолт хийсэн байна. Дуурийн театрт 1808, 1856 онд гал түймэрт өртөж байсан бөгөөд 1990 онд театрын байрыг бүрэн шинэчлэн зассан. Театрын төв танхим нь 2256 үзэгчийн суудалтай тул Лондон хотын 3 дахь том дуурийн театрт тооцогддог. Үзэгчдийн танхим нь 12.2 м өргөн, 14.8 м өндөр юм байна. Театрыг анх Жон Рич үүсгэн байгуулсан бол загварыг Эдвард Шефард гаргажээ.

1917 ОНЫ ЭНЭ ӨДӨР АНУ АВСТРИ, УНГАРТ ДАЙН ЗАРЛАЖЭЭ

Дэлхийн 1-р дайн 1914 оны 7-р сарын 24-өөс 1918 оны 11-р сарын 11 хүртэл үргэлжилсэн. Уг дайнд 70 сая гаруй хүн амь үрэгдсэн тул дэлхийн түүхэн дэх томоохон дайны тоонд багтдаг. Дайнд Орос, Франц, Их Британи, Герман, Австри, Унгар улсууд оролцсон бөгөөд хожим нь Итали, Япон, АНУ, Болгар зэрэг улс татагдан орсон байна. АНУ 1917 оны 4-р сарын 6-нд Германд дайн зарласан бол 12-р сарын 7-нд Австри, Унгарт дайн зарласан юм. Үүнээс өмнө тус улс Их Британи болон холбооны хүчнийг зэр зэвсгээр хангаж байсан. Харин дайнд татагдан орсноор АНУ 4 сая гаруй цэрэг дайчилж, 110 мянган цэргээ алдсан байна.

МЭӨ 43 ОНД МАРК ТУЛЛИЙ ЦИЦЕРОН БУСДЫН ГАРТ АМИА АЛДЖЭЭ

Марк Туллий Цицерон МЭӨ 106 оны 1-р сарын 3-нд төрсөн. Тэрээр Ромын улс төрч, хуульч, уран илтгэгч байсан бөгөөд эзэн хааны зөвлөхийн албыг хашиж байсан юм. Түүний Латин хэлний хөгжилд оруулсан хувь нэмэр Европын хэлэнд түгэн тархаж, Цицероныг Европын утга зохиолын түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн үздэг. Цицерон Ромчуудад Грекийн гүн ухааныг таниулсан бөгөөд өөрийгөө орчуулагч, гүн ухаанч хэмээн нэрлэдэг байжээ. Тэрээр Юлий Цезарийн зээ Марк Антонитой үзэл бодол таардаггүй байсан бөгөөд МЭӨ 43 онд бусдын гарт амиа алдсан байна.

 1987 ОНД ДУУЧИН ААРОН КАРТЕР МЭНДЭЛЖЭЭ

Аарон Картер 1987 онд төрсөн бөгөөд 1990-ээд оны сүүлээр хип хоп болон поп урсгалын дуугаар олонд танигдаж, өсвөр насныхны дунд ихээхэн нэр алдар хүртсэн дуучин юм. Тэрээр Флорида мужид төрсөн бөгөөд 7 наснаасаа эхлэн дуулж эхэлсэн. 10 настайдаа анхныхаа цомгийг гаргаж байжээ. Түүний 2000 онд гаргасан 2 дахь цомог Америкт 3 сая хувь борлуулагдаж, ихээхэн амжилтад хүрсний дараа тэрээр Николодеон сувгийн нэвтрүүлгүүдэд оролцож, Бекстрийт бойс хамтлагийн аялан тоглолтод оролцох болсон байна. Түүний ах нь Бекстрийт бойс хамтлагийн гишүүн Ник Картер бөгөөд ихэр дүүтэй юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

1732 онд Английн эзэн хааны нэрэмжит дуурийн театр нээгджээ  
Үзсэн: 1424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй