Шууд Chart

Олон нийтэд 40 мянган албан тушаалтны мэдүүлгийг зарлажээ

2018-12-07 14:54:41

АТГ сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурлаа өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр болгож хойшлуулсан. НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдөр болдог. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон дэлхийн улс орнууд авлигын эсрэг олон нийтийн дуу хоолойг сонсох, хүргэх, конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах ажил хийх ёстой. Энэ өдөртэй уялдуулан хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжсээр хоёр жилийн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газар үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн  талаарх мэдээллийг дээрх хурлаар сэтгүүлчдэд хүргэсэн. Тухайлбал, АТГ-аас улс орныг хамарсан өргөн хэмжээнд зохион байгуулдаг томоохон ажлуудын нэг нь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд бүртгэх, хадгалах үйл ажиллагаа бөгөөд төрийн албаны ил тод байдал, төрийн албан хаагчийн хариуцлагатай, шударга байдлыг хангах зорилгоор төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн сайтад нээлттэй байршуулж, олон нийтэд тогтмол мэдээлж ирсэн.

2016 оноос цахим системийн үйл ажиллагааг боловсронгуй болгосонтой холбоотойгоор 2018 оны 1 дүгээр улирлаас эхлэн ХОМ гаргадаг нийт 40000 албан тушаалтны мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд мэдээллээр хангаж байна. Мэдээллийг нээлттэй, ил тод хүргэснээр ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийн хяналт, оролцоог дээшлүүлэх, төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинг дээшлүүлэхэд эергээр нөлөөлж байгаа төдийгүй хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүн, нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх ажиллагаанд ахиц гарч байна.

Үүнээс гадна АТГ албан тушаалтны мэдүүлэг хянах үйл ажиллагааг бүрэн цахимжуулахаар холбогдох техникийн шинэчлэлт 2016 оноос эрчимжүүлсэн. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим системийг шинэчилж, шинэ техник, технологийг нэвтрүүлээд байна. Ингэснээр дан ганц бүртгэж, хүлээн авах биш судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээ, тайланг цаг алдалгүй гаргах, хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, харьцуулалт, судалгаа хийх ажил шинэ түвшинд хүрч байна.

Мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд ХОМ гаргахдаа бүх хуудсыг цаасаар хэвлэж, баталгаажуулдаг байсныг өөрчлөн, зөвхөн ”Баталгааны маягт”-ыг гаргаснаар мэдүүлэг баталгааждаг болов. Ингэснээр эдийн засгийн болон мэдүүлэг гаргагч, мэдүүлгийг бүртгэж хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтны ажлын ачаалал, цаг хугацааг хэмнэсэн чухал арга хэмжээ болсон юм гэв.

 

 


Олон нийтэд 40 мянган албан тушаалтны мэдүүлгийг зарлажээ  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй