Шууд Chart

Төрийн ордонд хэлэлцүүлэг боллоо

2018-12-19 11:46:12

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөлийг хангаж бүрдүүлэхийг Үндэсний аюулгүй байдал гэдэг. Энэ чиг үүргийг хуулиар үүрэг хүлээсэн 11 төрийн байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр миний бие онцгойлон анхаарч, дээрх байгууллагуудын удирдлагуудтай 3 удаа биечлэн уулзаж, үүрэг чиглэл өгсөн. Тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөг гаргаж ажилласнаар тодорхой үр дүн ажиглагдаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэг нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтран хэрэгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг юм. “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдвийг хөндөн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь өнөө цагт цагаа олсон гэж үзэж байна” хэмээн онцолсон юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, , ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албаны хүмүүс, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ОБЕГ, ШШГЕГ, МХЕГ зэрэг байгууллагын удирдлага, алба хаагч нар оролцлоо.












Төрийн ордонд хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй