АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурал өнөөдөр болж байна. Эл хурлаар тус байгууллагаас энэ сард хийсэн зарим ажлын талаар товч мэдээлэл өгөв. Мөн ирэх онд АТГ авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын ХОМ-ийг хянан шалгах чиглэлээр ямар түвшинд ажиллах вэ гэдэг талаар, дэвшүүлсэн зорилтуудын талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож байна.
Энэ үеэр өнгөрч буй 2018 оны Шударга байдлын үнэлгээг танилцууллаа.
АТГ нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”; мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийн дагуу “Шударга байдлын үнэлгээ”-г гурав дахь удаагаа зохион байгуулаад байна. Шударга байдлын үнэлгээгээр 2018 онд нийтдээ 62 байгууллагыг үнэлсэн бөгөөд үнэлгээний судалгаанд нийтдээ 9411 нэгжээс мэдээлэл цуглуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллав.
Төрийн байгууллагыг авлигаас ангид байлгах, урьдчилан сэргийлэх, авлига үүсэх шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэг хэлбэр нь шударга байдлын үнэлгээний бөгөөд судалгааны үр дүнд үндэслэн авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тэдгээрийг арилгахад чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй. Судалгаанд хамрагдсан нийт оролцогчдын үнэлгээгээр шударга байдлын үнэлгээ 68.8 хувь гарч өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.0 пунктээр буурсан байна. Анх судалгаа хийгдсэн 2015 оны үнэлгээтэй харьцуулахад 5.0 пунктээр бага үзүүлэлттэй гарсан байна. Тухайн төрийн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч иргэдийн үнэлгээнээс харахад байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал хангалтгүй, авлигын эсрэг тогтолцоо болон байгууллагын удирдлагын авлигаас ангид байх хүсэл эрмэлзэл сул, авлигыг хянах механизм болон дотоод хяналт, аудитын үйл ажиллагаа сул зэрэг нь хамгийн их нөлөөг үзүүлж байлаа. Үнэлгээг байгууллагаар авч үзвэл 2018 онд Соёл, урлагийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яам зэрэг байгууллагууд хамгийн өндөр үнэлгээг авсан байна. Харин Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Татварын ерөнхий газар, Биеийн тамир спортын газар, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар бага оноо авчээ.
Монгол Улсад авлига их тархсан институцээр
- 2016 онд Шүүхийн байгууллага гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж хоёр байраар урагшилж авлига их тархсан институц гэж 49.2 хувьтай нэрлэгдсэн байна.
- Газрын алба 2016 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд хоёрдугаарт эрэмбэлэгдэж нэг байраар ухран авлига их тархсан институц гэж 47.0 хувьтай нэрлэгдсэн байна.
- Эрүүл мэндийн байгууллага 2016 онд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд гуравдугаарт эрэмбэлэгдэж нэг байраар ухран авлига их тархсан институц гэж 46.4 хувьтай нэрлэгдсэн байна.
- Яам, агентлаг 2016 онд 5 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж нэг байраар урагшилж авлига их тархсан институц гэж 43.9 хувьтай нэрлэгдсэн байна.
- Боловсролын байгууллага 2016 онд есдүгээрт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд тавдугаарт эрэмбэлэгдэж дөрвөнбайраар урагшлан авлига их тархсан институц гэж 41.0 хувьтай нэрлэгдсэн байна.
Дээрхээс харахад Шүүх, Газрын алба, Эрүүл мэндийн байгууллага, Төрийн захиргааны байгууллага яам, агентлагууд 2016 онд ч эхний 5-д эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд ч мөн ялгаагүй эхний тавд эрэмбэлэгдсэн байна. Үүн дээр нэмэгдээд 9 дүгээр байраас урагшилж Боловсролын байгууллага тавд эрэмбэлэгдсэн байна.
АТГ-аас тухайн байгууллагын ямар үйл ажиллагаа, эсхүл аль нэгжид авлигын эрсдэл байгааг тодорхойлох, улмаар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөн, зохион байгуулахдаа мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах боломж бүрдүүлэх зорилгоор 20 төрийн байгууллагад авлигын эрсдэлийн үнэлгээ хийж, тайланг хүлээлгэн өгсөн. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар аливаа төрийн байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох, үр дагаврыг нь арилгах арга хэмжээ авах”-ыг үүрэгтэй юм. Судалгааны үр дүнд тодорхойлогдсон эрсдэлүүдийг бууруулах чиглэлээр 2019 онд АТГ тухайн байгууллагуудтай нягт хамтран ажиллана гэв.
АТГ “Шударга байдлын үнэлгээ”-г гурав дахь удаагаа зохион байгуулав | ||
Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.