Шууд Chart

Газрын дуудлага худалдаа хуурамчаар зохион байгуулж гэр бүлийн хүндээ худалджээ

2018-12-25 12:27:32

АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Эл хурлаар тус байгууллагаас энэ сард хийсэн зарим ажлын талаар товч мэдээлэл өгөв. Мөн ирэх онд АТГ авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын ХОМ-ийг хянан шалгах чиглэлээр ямар түвшинд ажиллах вэ гэдэг талаар, дэвшүүлсэн зорилтуудын талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.

АТГ өмнөх хурлаараа яам, агентлаг, нийслэл дүүрэгт ажилласан талаар мэдээлэл өгч байсан. Харин энэ сард орон нутгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчлөх үүрэгтэй. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд орон нутагт ажиллах явцдаа тухайн аймаг, сумын эрх бүхий албан тушаалтнуудын батлан гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянан үзэж авлига гарах нөхцөл бүрдүүлсэн гэж үзэн хуульд нийцүүлэн өөрчлөх, хүчингүй болгох албан бичгүүдийг хүргүүлсэн. Тухайлбал, энэ сард Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт нийт 48, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 22 тушаал, шийдвэр, журам, дүрмийг хүчингүй болгож, хуульд нийцүүлэн авлигын эрсдлийг бууруулах санал явуулсан байна.

Орон нутаг, нийслэл дүүрэг дэх Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт нь журамд зааснаас гадуур үр ашиггүй зарцуулж байгаа нь авлигын эрсдэл үүсгэж байгаа талаар АТГ-аас удаа дараа анхааруулж, холбогдох яам, байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлсэн. Зарим зөрчил, гэмт хэргийн шинжтэй шалгагдаж буй асуудлууд ч бий. Гэтэл зарим аймагт ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх зүйлийг шинээр гарган ажиллаж байна. Тухайлбал, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь зэрэг аймагт байгаа уг хөрөнгийн зориулалтыг зохицуулсан журам нь Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг даргад олгосон бүрэн эрхэд халдсан, төсөв хөрөнгө дураараа захиран зарцуулах, авлигын эрсдэл үүсгэх нөхцөл боломж бүрдүүлсэн гэж болохуйц байна.

Нөхөр нь төрийн албан хаагч бөгөөд эхнэр нь хуурамч материал бүрдүүлэн худалдан авах ажиллагааг хуурамчаар зохион байгуулсан, төрийн албан хаагч эхнэр нь газрын дуудлага худалдааг маш богино хугацаанд цахимаар зохион байгуулж нөхөр нь газрыг худалдан авсан, чанарын шаардлага хангахгүй материал худалдан авснаас болж сургуульд гал гарах нөхцөл бүрдүүлсэн, иргэн, аж ахуйн нэгжээс хандив нэрээр мөнгө хурааж төрийн бус байгууллага, арилжааны банкинд байршуулан хууль бусаар зарцуулсан зэрэг маш олон зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарсан.

Энэ мэт зөрчил дутагдлууд нь бүх шатны байгууллага, албан тушаалтны авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл бага, хариуцлага, хяналтын тогтолцоо муу байгааг илтгэн харуулж байна. Тиймээс АТГ-ын зүгээс авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг Нийслэлийн 9 дүүрэгт байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. 2019 оны нэгдүгээр сарын 15-ны дотор Дүнжингарав, Драгон, Мишээл, 6 буудал дахь нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд “Иргэний хяналтын төв”-ийг байгуулан ажиллуулж эхэлнэ.

АТГ нь төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсыг ажиллуулж байгаа. Уг утсанд ирсэн төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай төрийн үйлчилгээ, түүнийг засч сайжруулаагүй байгууллага, албан тушаалтны цаашид нэр, устай нь олон нийтэд мэдээлэх, үүрэгт ажилдаа хүнд суртал үүсгэж, хариуцлагагүй ажилласан албан хаагчдад хуульд заасан хариуцлага тооцох ажлыг иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ гэв.


Газрын дуудлага худалдаа хуурамчаар зохион байгуулж гэр бүлийн хүндээ худалджээ  
Үзсэн: 756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй