Шууд Chart

Хөвсгөлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад сахилгын шийтгэл ногдуулсан гэв

2018-12-25 13:00:00

АТГ-ын сар бүрийн 25-ны өдөр хийдэг хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Эл хурлаар тус байгууллагаас энэ сард хийсэн зарим ажлын талаар товч мэдээлэл өгөв. Мөн ирэх онд АТГ авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, албан тушаалтнуудын ХОМ-ийг хянан шалгах чиглэлээр ямар түвшинд ажиллах вэ гэдэг талаар, дэвшүүлсэн зорилтуудын талаар мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.

Энэ үеэр он гараад улсын хэмжээнд нийтийн албан тушаалтнуудын мэдүүлгийг бүртгэх ажил эхэлнэ гэдгийг дуулгалаа. Энэ ажил хуульд зааснаар хоёрдугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.

АТГ улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан зарим анхаарах асуудлын талаар төрийн болон нутгийн захиргааны нийт 109 байгууллагад албан бичгээр чиглэл хүргүүллээ. Түүнээс гадна яам, агентлаг, нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн салбар нэгжийн 300 орчим мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулсан нэгдсэн сургалтыг зохион байгуулсан. Мэдүүлгээ хэрхэн бүртгүүлэх талаарх сургалт, арга зүй, зөвлөгөө, мэдээлэл, чиглэлийг АТГ-аас хангалттай хэмжээгээр өгч байгаа, цаашид ч үргэлжлүүлэн өгөх болно. Одоо нийтийн албан тушаалтнуудын хувьд хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлэх л үлдээд байна.

2018 онд АТГ орон нутагт ажиллахад нийт 264 зөрчил илэрсэн. Зөрчлийн дагуу нийт 130 албан тушаалтанд сануулах, цалингийн хэмжээг бууруулах, албан тушаалаас нь чөлөөлөх зэрэг  сахилгын шийтгэл ногдуулсан. Зарим зөрчилд газар дээр нь холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ихэвчлэн өөрийн болон хамаарал бүхий этгээдтэйгээ холбоотой тушаал, шийдвэр гаргасан, ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй, хугацаа хожимдуулж мэдүүлсэн, ХАСУМ  хянуулаагүй томилогдсон зэрэг зөрчил гарч байгаа.

АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 664 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд ЦЕГ, ЭХЯ, ЗХЖШ, ОБЕГ-аас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг явуулж үндсэн ажлаас гадуур олсон орлогоо хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 63 гомдол, мэдээлэл хянан шалгагдаж байна. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлсэн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоо, шийдвэр, хууль бус үйлдэл гаргасан, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчсөнтэй холбоотой гомдол, мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.

Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан дараахь албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Тухайлбал:

  1. Гадаадын иргэн харьяатын газрын Баруун бүс дэх газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн хяналтын улсын байцаагч Х.Өмиргүл нь өөрийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдарч байсан хүнийхээ эрх ашгийг хөндсөн тушаал, шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх талаар мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.6 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул Гадаадын иргэн харьяатын газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
  2. Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан албан үүргээ гүйцэтгэхдээ бусдын эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
  3. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Мөнхсүлд нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл /Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалт/-ийн 11.1-д "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно." гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар нийтийн албанаас халах сахилгын шийтгэл тооцуулсан.

2019 онд нийт мэдүүлэг гаргагчдын ХОМ-ийг олон нийтэд нээлттэй байршуулна. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар бүртгэж, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

АТГ нэг жилд дунджаар 500 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан шалгадаг. Өөрийн болон гэр бүлийн гишүүнийхээ ХОМ-ийг үнэн зөв мэдүүлсэн эсэхэд хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил гаргасан албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулж ажиллаж байгаа.

Тус газраас албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах үйл ажиллагааг 2019 оноос эхлэн иргэдийн хяналтын оролцоотойгоор хянан шалгана. Үүнийг ирэх оны гол зорилтуудын нэг болгон тавьж байна. Ингэснээр албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг хянах ажил илүү өргөн хүрээнд, улам далайцтай, нэгдмэл цогц хэлбэрээр хийгдэх болно. Мөн хууль бусаар олсон орлого, үндэслэлгүйгээр хөрөнгөжих асуудалд тавих хяналтыг сайжруулж, цахим системийн бүртгэл, хяналт, мэдээлэл лавлагааг зарим төрийн байгууллагаас онлайнаар авч, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахаар төлөвлөж байна гэлээ.


Хөвсгөлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад сахилгын шийтгэл ногдуулсан гэв  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй