
Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон билээ.
Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нараар манлайлуулсан юм.
Уг барилдааны тавын даваанд улсын отгон аварга Н.Батсуурь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “МАКС” группийн бөх, аймгийн арслан Лхагвадоржийг эвгүй унагаасанд бөх сонирхогчид ихэд дургүйцсэн сэтгэгдлээ сошиалд бичжээ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадоржоос эхлээд олон хүн өмөөрөх нь ч байна.
Дургүйцсэн олон ямар сайндаа “Аварга хүн байж, ийм аархуу байж болох уу. Бөх үзэж байгаад хүн үхэхийг харах цаг ойрхон болсон юм уу даа. Ааг бяр нь ихдээд, хүн чанар нь дууссан аварга өнөө цагийн Амбантны цагаан Жигмэд гэлтэй” хэмээжээ.
Спорт гэдэг хор шар хөдөлгөсөн цэвэр өрсөлдөөн байх ёстой. Ялангуяа бөхийн спорт нь хагас тулааны чанартай гэгддэг. Гэхдээ дээхний бөхчүүд маань залуу үеийнхээ зүрх зоргийг мохоохгүйн тулд амлан авч, хөнгөхөн өвдөг шороодуулдаг байлаа. Гэтэл сүүлийн үед ааг бяр нь бахдаж ядсан бөхчүүд бага цолтнуудаа арай л хэрцгий гэмээр орхиж байна.
Үүний хамгийн ойрын нэг жишээ өчигдрийнх байлаа.
Ер нь улсын арслан Н.Батсуурийн муухай авир олон барилдаан болон дэвжээний гадна илрээд байгаа.
Уг нь тэр арлын оронд боловсрол эзэмшиж, хатуу дэг журамтай жүдо бөхөөр үндсэн сууриа тавьсан гэдэг. Гэвч тэр хэдэн жилийн өмнө аавтайгаа нийлээд төрийн цагдааг хүртэл зодож байсан билээ.
Мөн Увс аймгийн 90 жилийн ойгоор улсын арслан цолтой байхдаа улсын заан Б.Пүрэвсайхантай хүч үзэж байхдаа түүнийг албаар алгадаж, цохиж байсан удаатай. Тэр үед засуулууд нь арга буюу салгаж зогсоосон юм. Хэрвээ түүний цохилт удаан үргэлжилсэн бол зодоон болж хувирах магадлалтай болж байв.
Тэр байдлын дараа улсын аварга Ч.Санжаадамбатай хүч үзэж байхдаа ам руу нь хуруугаа хийж, завжийг нь сэтлэх шахсан удаатай.
Цолондоо эзэн байж болно оо. Гэхдээ бусадтай хүнлэг байх ёстой. Н.Батсуурийн энэ жудаггүй үйлдэл бөхчүүдэд жудагтай байхыг сануулж байна.
Уг нь бөхчүүд чинь бяр хүч нь тэгшрэх тусам улам жудагтай болдог баймаар. Гэтэл түүнийх улам эсрэгээрээ байгаа нь хувийн зан төлөвтэй нь холбоотой болов уу гэмээр. Буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тэр ийм байдлаа засахгүй бол гурван үеийн бөхийн удмынхаа нэр, хийморийг хөсөрдүүлэх нь байна шүү.
Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага Оргихын Хангай түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэсэн юм.
Харин их шөвөгт Архангай аймгийн Булган сумын харьяат улсын арслан Р.Пүрэвдагва, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Доржийн Анар нар шалгарсан билээ.
Бөхчүүдийн бяр хүч нь тэгшрэх тусам улам жудагтай болдог баймаар ... | ||
Үзсэн: 5899 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.