
Монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн Монгол Улсын алдарт уяач Даваахүүгийн Баянбат.
Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн өөрийн унаган буйлан тамгатай Наран хонгор азаргаа төр түмний цэнгэл их баяр наадамд нэг түрүүлгэж, дөрөв айрагдуулаад байна. Наран хонгор азарга нь Д.Даваахүү гуайн хөх цавьдар азарга болон Хэнтий аймгийн Баянхутаг сумын "уртын" Дамдинжав гуайн унаган хонгор гүүг Өндөр зулд хураалгаж гарсан хонгор гүү хоёрын дундаас гарсан цуут хурдан түмэн эх.
Одоо харин уншигч та бүхэнд дээд удмыг нь дэлгэрэнгүй сонирхуулье. Наран хонгорын дээд талд төрийн наадмын 12 түрүү /цолмонгийн их хурдын түрүүг оруулаад/ бий.
Эх хонгор гүүний эх талын удам Галшарын нэрт уяач Дагмид мээрэнгийн хүү Үдэрбатын ороо хонгор гүүнээс эр хонгор унага гарсаныг Баянхутаг сумын Шонхор гэдэг хүн авж азарга тавиад улмаар хөлгүй азарга "уртын" Дамдинжав гуайд ирж олон сайхан төл өгсөн байна.
Төрийн наадмын түмэн эх Толин хул энэ азарганы төл бөгөөд Толин хултай эцэг нэгтэй охин хонгор адуу Д.Даваахүү гуайд /эхнэр Сандагдуламд бэлгэнд ирсэн түүхтэй/ иржээ. Энэ хонгор гүүг 1996 оны төрийн түмэн эх Өндөр зул хэмээх хонгор азаргандаа хураалгаж Наран хонгорын эх хонгор гүү гарсан байна.
Өндөр зулын эцэг нь улсад гурав түрүүлж, дөрөв айрагдсан Солонго цавьдар халзан, түүний эцэг нь улсад нэг түрүүлж, хоёр айрагдсан Их салхин. Харин өндөр зулын эх талын удмыг тодруулбал 1981 онд Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Лутмөнхийн Нарангэрэл агсанаас хонгор халзан гүү аваад түүнийгээ өөрийн унаган /улсад 6, 7, 11-т тус тус хурдалж байсан/ хул азаргандаа хураалгаж Өндөр зулын эх хонгор гүү гарчээ. Энэ хонгор гүүгээ Солонгод хураалгаж Өндөр зул гарсан нь ийм учиртай.
Наран хонгорын эцэг Хөх цавьдарын эцэг талын удам Өндөр зулын эхийн эцэг хул азаргатай эцэг нэгтэй гүүг улсад дөрөв түрүүлж, нэг айрагдсан Ажнай хүрэн азаргандаа хураалгаад Цолмон халтар гарсан. Цолмон халтард улсад нэг түрүүлж, гурав айрагдсан Алтангадасын төл зээрд гүүг хураалгаад Хөх цавьдар гарсан түүхтэй.



Наадмын өглөөний нар Наран хонгор зүстэй манддаг | ||
Үзсэн: 4291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.