
Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал тэргүүтэй хүмүүс өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Хурлын эхэнд Ц.Цэвэрбал тус холбооны талаарх маргаанууд дуусч Монгол Улс болоод олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн талаар баримтуудыг дэлгэлээ.
Улсын бүртгэлийн газраас олгосон хүчин төгөлдөр МСБХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг эх хувиар нь авчирч хуурамч тамга тэмдгийг хүчингүйд тооцсон тухай Улсын бүртгэлийн газрын албан бичгийг үзүүлэв.
ОУСБХ буюу ФИБА-аас гишүүн байгууллагын татварыг удирдлагын маргаантай байсан тул сүүлийн зургаан жил нэхэмжлээгүй байжээ.
Харин өнгөрөгч нэгдүгээр сард ФИБА-гийн Азийн бүс хариуцсан гүйцэтгэх захирал Хагоп Хайжирианаас зургаан жилийн татвараа төлөх нэхэмжлэх ирсний дагуу гишүүн байгууллагын татвараа МСБХ төлсөн тухай дурьдан баримтыг үзүүллээ.
Ингэснээр олон улсын түвшинд Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагын маргаан дууссаны нотолгоо болж байна гэсэн үг юм. МҮСБХ тус холбоонд нэгдсэн бөгөөд бусад 33 холбоо ч нэгдэж, хамтран үйл ажиллагаа явуулахад нээлттэй боллоо.
МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга “Монголын сагсан бөмбөгийг олон улсад төлөөлөх эрх бүх цор ганц байгууллага, гол бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй нь МСБХ юм. Монгол оронд сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд олон хүний оролцоо, дэмжлэг, ажиллагаа хэрэгтэй ба гагцхүү нэг бодлого дор нэгдэх ёстой. Иймд МҮСБХ нь бодлогын хүрээнд МСБХ-ны дор нэгдэж байна” гэлээ.
Мөн энэ үеэр С.Тулга өмнөх холбооны удирдлагууд 300 сая төгрөг завшсан гэдгийг дэлгэв.
"Хууль бус, МСБХ-ны нэрийг ашиглан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж буй этгээдүүд нь өмнө МСБХ-ны нэрийг ашиглан МҮОХ-ны Оlympic Solidarity төслийн 80 мянган ам доолар, одоогийн ханшаар 212.000.000 орчим сая төгрөг (МҮОХ-ны тайланд тусгагдсан байдаг ч сагсан бөмбөгт дээрх төслийн хүрээнд ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй байдаг), Онцгой албан татварын сангаас 20,000$ одоогийн ханшаар 53.000.000 сая төгрөг, БТСГ-аас шигшээ багийн бэлтгэл нэрийн дор 20.000.000 төгрөг зэрэг нийт 300 орчим сая төгрөгийг завшсан.
Мөнгө угаах хэргээ далдлахын тулд тэмцээн зохион байгуулж буй дүр үзүүлж тамирчдыг ашигласан" гэсэн юм.
Ц.Цэвэрбал тэргүүтэй хүмүүс хэвлэлийн бага хурал хийлээ | ||
Үзсэн: 1281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.