![](/uploads/201902/news/thumb/ea10d4dd33702b64fef91926ff6d90ce_x3.jpg)
Хоёрдугаар сарын 28-ны энэ өдр дэлхийн түүхэнд болсон зарим үйл явдлуудаас та бүхэнд тоймлон хүргэж байна.
1935 онд нийлэг материалыг гарган авчээ
Дэлхийд алдартай химийн “Дюпон” компанийн эрдэмтэн, Уоллес Каротерс 1935 оны энэ өдөр, нийлэг материалыг анх гарган авчээ. 1938 онд ямар ч даавуунд уян хатан ба бат бэх чанар өгдөг нейлон гэсэн синтетик материал бүтээсэн тухай тус компани зарласан юм. Дюпон компани нь дариний түүхий эдээс целлюлоз резин, пластик зэрэг олон төрлийн түүхий эд гаргаж авав. Бүтээгдэхүүнүүдээс нь хамгийн их борлогдож байсан зүйл бол шилэн оймс.
Оймсны хөгжилд гарсан нэг том хувьсал бол 1939 онд нейлон материал анх гарч ирснээр оймсонд 2 болон түүнээс дээш төрлийн утсыг хослуулан сүлжих боломжтой болсон юм. Америк эрдэмтний бүтээсэн нейлон нь, нэхмэлийн салбарт дэвшил авчирсан бөгөөд, түүний ажиллаж байсан “Дюпон” компани хэдэн арван тэрбум ам.доллараар баяжиж чадсан билээ.
1940 онд сагсан бөмбөгийн тоглолтыг анх удаа телевизээр дамжуулав
1940 оны энэ өдөр, анх удаа сагсан бөмбөгийн тоглолтыг телевизээр дамжуулан олны хүртээл болгожээ. АНУ-ын Нью-Йорк хотын Мэдисон хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтод, Тухайн үед, учраа таарсан Фордхемийн их сургууль, Питтсбургийн их сургуулийн хооронд болсон тоглолтыг тухайн үед, W2XBS нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан, харин одоогийн спортын суваг болох NBC телевизээр нэвтрүүлжээ. Тухайн үед уг тоглолтыг ганц л камерын тусламжтайгаар бичиж авсан байна. Энэ тоглолтод, Питтсбургийн их сургуулийн баг өрсөлдөгчөө 57-37-ийн харьцаатайгаар буулган авч байжээ.
1953 онд днк-ийн молекулын бүтцийг тодорхойлжээ
1953 оны энэ өдөр, Америкийн эрдэмтэн Жэймс Ватсон, Их Британийн эрдэмтэн Френцис Кирк нар хүний ДНК-ийн молекулын бүтцийг тодорхойлжээ. Олон эрдэмтэд судалгааныхаа шийдлийг зүүдэндээ үзэж, нээсэн байдаг. Түүний нэг жишээ бол, эрдэмтэн, судлаач Жэймс Ватсоны бүтээл байсан юм. Нобелийн шагналт доктор Жеймс Ватсон нэгэн шөнийн зүүднийхээ туслалцаатайгаар ДНК-ийн молекулын нууцлаг чанарыг нээсэн гэдэг. Тэрээр молекулын бүтцийн нууцыг тайлах гэж олон жилийн турш оролджээ. Нэгэн шөнө тэр хоёр могой бие биенээ ороон мушгиралдаж байгааг зүүдэлж. Сэрэнгүүтээ "Энэ байна" хэмээн хашхирсан гэдэг. ДНК энэ бол бие биенээ ороон мушгирсан давхар спираль. Ватсон энэ гипотезийг шалгаад генийн кодын нууцыг тайлсны төлөө Нобелийн шагнал хүртжээ.
1991 онд персийн булангийн нэгдүгээр дайн өндөрлөжээ
1991 оны энэ өдөр, Персийн булангийн нэгдүгээр дайн өндөрлөжээ. Түүхэнд цөлийн шуурга ажиллагаа ч хэмээн нэрлэгддэг уг дайн, 1990 оны 8 дугаар сарын 2-нд, Кувейтийг эзэлсэн Иракийн хүчийг Кувейтээс гаргах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын өгсөн зөвшөөрлөөр 34 улсаас бүрдсэн Эвслийн хүчнээс Иракийн эсрэг явуулсан эцсийн ажиллагааг хэлдэг. Эвслийн цэргийн хүчний дийлэнхийг АНУ бүрдүүлсэн бөгөөд, Саудын Араб, Нэгдсэн Вант Улс, Египет мөн ихээхэн хүч оролцуулжээ.
Иракийн арми Кувейтийг эзлэхэд олон улс даяар буруушааж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд нэн даруй эдийн засгийн хориг арга хэмжээ авч, АНУ, НВУ, Канад дайнд бэлтгэж эхэлсэн. Кувейтээс Иракийн цэргийг гаргах эхний мөргөлдөөн 1991 оны 1 дүгээр сарын 17-нд НҮБ-ээс тогтоосон эцсийн хугацаа дуусахад Иракийн цэргийг агаараас бөмбөгдсөнөөр эхэлсэн. Үүний дараа 2 дугаар сарын 23-нд хуурай замаар эвслийн цэрэг давшиж, Кувейтийг чөлөөлж, Иракийн нутаг дэвсгэр рүү орсноор эвслийн хүчний бүрэн ялалтаар өндөрлөсөн юм.
Энэ өдөр дэлхийн түүхэнд... /2019.02.28/ | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.