Шууд Chart

"Энхрий" хүүхэдтэй холбоотой заншил

2019-03-06 10:43:27

Хөл цээрлэж баргийн хүнтэй нүүр учруулдаггүй эрх танхил хүүхдийг "Энхрий" хүүхэд гэдэг. "Энхрий" хүүхдэд өгөх нэр, өмсгөх хувцас хунар, идүүлэх хоол зэрэгт хүртэл онцгойлон сахиж байсан ёс горим байжээ. Тухайлбал, энхрий хүүхэдтэй айл бүстэй хүүхэддээ /хүүхэн/ гэж зориуд нэр өгөхөөс гадна Ухна, Майхант, Овоохойт, Хэнчбиш, Олдохгүй, Гүзээдорж, Бяруухүү, Нохойхүү, Шарнохой, Муунохой гэх мэт нэр өгч олон өнгийн даавууны өөдсөөр буруу энгэртэй дээл хийж өгөх, эрэгтэй хүүхдэд авгай хүний, эмэгтэй хүүхдэд эрэгтэй дээл хийж өгөх, эхнэр мөртэй дээл хийж өгөх хийж өгөх, олон айлаас олон өнгийн бөс даавууны өөдөс гуйж дээл хийж өгөх, зэс гуулин тушаа, гав зүүлгэх бүстэй хүүхдэд баруун чихэнд нь ээмэг зүүлгэх нутаг сольж нүүх зэрэг заншил, ёс горим байсан ба ослоор үхсэн малын мах, мөн айлаас /түүхий/ мах авчирвал хүүхэддээ идүүлэхгүй байх, бус айлд ч хүүхдээ оруулах дургүй байдаг айл өрх байсан байна. Энэ мэт хүүхдээ муу юмнаас аварч, хуурч үлдээх, болгоомжлох гэсэн утга бүхий домнол, бэлгэдэл монголчуудын дунд элбэг байжээ.

Хүүхэд нь тогтдоггүй айл үр хүүхэд олонтой тэд нь эсэн мэнд бойжиж байгаа эх хүний дотоод энгэр хормойноос авч хадгалах, ихрийн өрөөсөн хүнээр эх барьж авахуулах, хүүхдийн дээрээс тогоо хөмөрч гадуур нь зурах, харь угсаа гаралтай хүний дээл хувцсанд боож авах, гэрийн тавилгыг сольж тавих, чонын арьс тулманд боож авбал сайн гэдэг ажээ.

Мөн тийм хүүхдийн хүйг цагаан зээр, буга, чоно, алаг даага гэх мэт амьтдын шөрмөсөөр боодог байжээ. Тогтдоггүй хүүхдийг өөр айлд өргүүлж, үрчлүүлдэг заншил зарим нутагт одоо хэр байна. Тэгэхдээ эхээс нь нуугдуулж буруу үүдээр гаргадаг. Тогтдоггүй хүүхдийг элдэв муу юмнаас сэргийлэхийн тулд онго зүүлт зүүх, нялх бага цагт нь айлд оруулахгүй байх, хүүхдийн угаалгын ёсыг цээрлэх, хүүхдийн хүзүүнд бяцхан гархи гинж зүүлгэх, буруу энгэртэй дээл өмсгөх, ан амьтны арьс үс, шүд, соёо, шагай, шувууны хумс, загасны хүзүү нурууны яс тэргүүтнийг зүүлгэхийг ихэд эрхэмлэдэг.

Тогтдоггүй хүүхдийн үсийг багад нь авдаггүй байв. Тийм хүүхдийн дээлэнд есөн нүх зүүлгэж байсан нь “тогтоох” гэсэн бэлгэдэл юм. 


АУЗ Б.Лхагвасүрэн

БУРУУ ЭНГЭРТЭЙ ДЭЭЛ

Унагаж төрүүлээд
Өргөж өсгөсөн
Эхийнхээ дурсгалд
Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохнээ 
Эх бүхний хайрыг цуглуулж
"Энхрий" үрдээ өмсгөсөн байж...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Галы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хойрмойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх, нүдний хор
Эвий дэвсэх худалаа хөөрхийгөөс харамлаж 
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсий минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээс нэрий минь нуужээ.
Үргэчихэв вий! Чигчий үр минь! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөөн юмаа буруу өвөртөлж хаясаан! Би 
Далай эх хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж...
Далд хайр
Холын ухаан
Дэлхийд намайг тулсан
Цагаан тэнхлэг

"Хос Уянга" ном. /1985 он/


"Энхрий" хүүхэдтэй холбоотой заншил  
Үзсэн: 4962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй