Шууд Chart

З.Сарантуяа: Би багаасаа л спортод хайртай байсан

2019-03-19 12:29:08

Багануур Биеийн тамир спорт хорооны пауэрлифтингийн тамирчин З.Сарантуяатай ярилцлаа. Тэрбээр Спортын төв ордонд өчигдөр эхэлсэн пауэрлифтингийн нэгдсэн холбооны classic powerlifting (шахалт, суулт, таталт)-ийн УАШТ-ээс газраас таталтын төрөлд 160 кг-ыг өргөж алт, нийлбэр дүнгээр 342.5 кг өргөж хүрэл медаль хүртээд байгаа юм.

-Энэ удаагийн УАШТ-ээс яриагаа эхлэх үү. Хэддэх жилдээ оролцож байна вэ?

-Классик төрөлд хоёр дахь жилдээ оролцож байна. Хэрэглэлтэй, хэрэглэлгүй гэсэн хоёр төрлөөр явагддаг. Классик буюу хэрэглэлгүй төрөлд нь зөвхөн зориулалтын өвдгөвч гарын кист бүс л зүүнэ.  Энэ жилийн УАШТ бол нэлээн ширүүн өрсөлдөөнтэй, сайхан болж байна. Монголд пауэрлифтингийн спорт маш хурдацтай хөгжиж байгаа нь илт харагдаж байна. 

 

-Тэгэхээр эрсдэл илүү нэмэгдэнэ гэсэн үг байх нь ээ?

-Эрсдэл гэхээсээ илүү хамгийн шударга өрсөлдөөн бий болж байгаа юм л даа. Зориулалтын хувцас хэрэглэл комбинзонтойгоосоо илүү классик төрөл нь амар, аюулгүй санагддаг.

-Олон улсын тэмцээнд хэр их оролцдог вэ. Томоохон амжилтуудаасаа сонирхуулна уу?

-Миний хувьд 2009 оноос гэр бүлийнхээ хүнийг дагаад пауэрлифтингийн спортоор ОУХМ Ш.Батзул багшийн удирдлаган дор бэлтгэл хийж эхэлсэн. Тухай үедээ гурван хөөрхөн хүүхэд төрүүлээд багагүй хугацаанд завсарлаж байгаад 2016 онд хэрэглэлтэй УАШТ-д анх удаа оролцож мөнгөн медаль хүртсэнээр спортын дэд мастер цолны болзол хангасан. 2017 оны классик пауэрлифтингийн хоёр дахь удаагийн УАШТ-д оролцож хүрэл медаль хүртэж байсан. Монголд пауэрлифтингийн хоёр холбоо байдаг. WRPF Монголын пауэрлифтингийн хүчний холбооны 2017 оны УАШТ-д оролцож алтан медаль хүртэж, олон улсад явах эрхээ авч, тэр жилдээ ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон ДАШТ-д эмэгтэй насанд хүрэгчдийн 63 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Мөн тухайн холбооныхоо 2018 оны хоёрдугаар сард болсон УАШТ-д түрүүлсэн. 

-Эмэгтэй хүнд энэ спорт хүнд байх нь мэдээж. Яагаад энэ спортын төрлийг сонгох болов. Гэр бүлийн тань энэ спортоор хичээллэдэг болохоор нөлөөлсөн үү?

-Монголд Пауэрлифтингийн спорт маш хурдацтай хөгжиж байгаа. Эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүд энэ спортоор их хичээллэж тэмцээн болгон жилээс жилд өрсөлдөөнтэй болж байна. Тэр хэмжээгээрээ тамирчдын ур чадвар ч чанаржиж, рекорд амжилтаа ахиулж байна. Энэ жилийн УАШТ-ээс газраас таталтын төрөлд 160 кг-ыг өргөж алт, нийлбэр дүнгээр 342.5 кг өргөж хүрэл медаль хүртлээ. Би Говь-Алтай аймагт төрж өссөн. Тавдугаар ангиасаа жүдо бөхөөр барилдаж аймагтаа амжилт гаргаж эхэлсэн л дээ. Харамсалтай нь долдугаар ангидаа Багануур дүүрэгт шилжин ирснээр тэр спортоо орхисон юм. Багаасаа спортоор хичээллэх дуртай байсан болоод ч тэр үү энэ спорт минь нэг их хүнд санагддаггүй. Хамгийн анх Багануур дүүргийн Биеийн тамир спорт хорооны ахлах дасгалжуулагч ОУХМ Ж.Болдбаатар багшийнхаа хүндийн өргөлтийн дугуйланд бүртгүүлээд хичээллэж эхэлсэн. Тэгээд ханьтайгаа танилцаад пауэрлифтингийн спорт руу шилжсэн дээ. /инээв/ Тэгэхээр миний хань яалтичгүй нөлөөлсөн гэсэн үг. 

-Танай гэр бүлд спортын хүн байдаг уу?

-Миний аав барилддаг байсан, сумын начин цолтой. Хөвгүүд нь спорт сонирхоогүйд их сэтгэл дундуур байдаг. Намайг их дэмжинэ барилддаг байхад захыг минь мушгиж их л үздэг байсан даа. Чөлөөт бөхийн ОУХМ Э.Цэвэгмэд бид хоёр үеэл.

-Нөхөр тань одоогоор ямар амжилт үзүүлсэн бэ?

-Манай нөхөр IPF Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 2014 оны хэрэглэлтэй УАШТ-д 66 кг-ын жинд өрсөлдөхдөө нийлбэр дүнгээр хүрэл, 2016 оны классик пауэрлифтингийн УАШТ-д таталтын төрөлд мөнгөн медаль хүртэж спортын дэд мастер цолны болзол хангасан. 2017 онд WRPF Монголын пауэрлифтингийн хүчний холбооны УАШТ-д нийлбэр дүнгээр мөнгө, таталтын төрөлд алтан медаль хүртэж тэр ондоо ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон ДАШТ-д "push full" төрөлд 74 кг жинд алтан медаль хүртсэн. 

-Ярилцсанд баярлалаа. Та хоёр улам их амжилт хүсэе.

Нийтэлсэн: У.Баярсайхан

З.Сарантуяа: Би багаасаа л спортод хайртай байсан  
Үзсэн: 2985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-19 13:34
Мундаг 2 дүүдээ баяр хүргьe амжилт хүсьe

Бидэнтэй нэгдээрэй