Шууд Chart

Экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг журамлахаар ажиллаж байна

2019-03-25 13:05:11

Авлигатай тэмцэх газар сар тутмын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Уг хурлаар 2019 оны 3 дугаар сард хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгөв.

Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцов. Энэ үеэр Экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг журамлахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

МХЕГ-аас олгодог импортын мэдэгдэл, экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээнд Авлигатай тэмцэх газрын Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд хяналт тогтоон ажиллаж байна. Тус үйлчилгээг авахад бүрдүүлэх бичиг баримт тодорхой бус, олон дарга нарын гар дамжин цохдог, бүрдүүлсэн материалын хариуг хэзээ гаргах нь тодорхойгүй, гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгдөггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн.

Үндсэндээ өнөөг хүртэл экспорт, импортын гэрчилгээ олгох харилцааг огт журамлаагүй явж иржээ. Энэ төрлийн төрийн үйлчилгээ нь ийнхүү дүрэм, журмаар зохицуулагдаагүй учраас хэн нэг албан тушаалтны үзэмжээр бизнес эрхлэгчдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэж байсныг Авлигатай тэмцэх газар таслан зогсоохоор ажиллаж байна. Улмаар тухайн үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид хэрэгжүүлэхэд чиглэсэн Зөвлөмжийг МХЕГ-т хүргүүллээ.


Экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг журамлахаар ажиллаж байна  
Үзсэн: 933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй