Шууд Chart

Тээвэрчид асуудлыг нь шийдтэл өлсгөлөнгөө зарлана гэдгээ илэрхийллээ

2014-02-11 16:47:08

Зам тээврийн яамны өмнөх талбайд “Дорнын саруул тал”, “Арвин шар зам” хоршооны тээвэрчид өчигдрөөс хугацаагүй өлсгөлөн зарлаад байгаа. Тэгвэл өнөөдөр “Арвин шар зам” хоршооны зүгээс хэвлэл мэдээлийнхэнд хандаж, асуудлыг эцэслэн шийдэх хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.  Бид мэдээллийг тэнцвэртэй болгох үүднээс    “Арвин шар зам” хоршооны дарга Б.Баяраа, ЗТЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар нараас тодруулга авсан юм.

Б.Баяраа: Биднийг хүн гэж тоож үзэхгүй, зугтсаар байгаа
 
 
- Өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа тайлбарлаач?
 
- Манай “Арвин шар зам” хоршоо Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд микро автобусаар тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан.  Бид  өнгөрсөн онд Зам тээврийн яамны зүгээс хот хооронд том оврын автобусаар үйлчлэх шаардлага тавьсны дагуу найман автобус авсан юм. Орон нутагт ажлын байр бий болгох зорилгоор бид уг чиглэлд тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниудыг  нийслэлтэй  50/50 хувиар хувааж эзэмшин, цагийн хуваарийн тойргийн дагуу тээвэр хийх хүсэлтээ холбогдох албаныханд уламжилсан. Авто тээврийн үндэсний төвөөс бидний хүсэлтийг судалж үзээд 08:00- 19:00 цагт тээврийн үйлчилгээ явуулах боломж байгааг Зам тээврийн яаманд мэдэгдсэн байдаг.
 
- Зам тээврийн яамны зүгээс Авто тээврийн үндэсний төвийн гаргасан хүсэлтийг зөвшөөрч, гэрээ хийсэн гэж мэдэгдээд байгаа?
 
- Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яамны удирдлагууд тэгж яриад байгаа ч бидэнд тээвэр хийх ямар ч эрх олгоогүй, гэрээ хийгдээгүй.  Өөрөөр хэлбэл, манай тээвэрчдийн  65 сая төгрөгийн лизингээр авсан автобуснууд одоогоор ямар нэгэн байдлаар тээврийн үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрч, сард 0.5-1.5 сая төгрөгийн хүү төлөөд зогсож байна.
 
- Танай хоршооны зүгээс тухайлан олгох боломжтой гэсэн цагуудад тээвэр хийхээс татгалзсан юм биш үү?
 
- Татгалзахаас ч аргагүй тээврийн үйлчилгээ явуулахад тохиромжгүй цагууд шүү дээ. Өглөө 08:00 цагт 45 хүний суудалтай автобус зөвшөөрөгдсөн хугацаандаа зорчигчоор дүүрнэ гэж байхгүй. 19:00 цагийн хувьд өөрөө шөнийн тээврийн цагт хориглогдсон цагт багтдаг.
 
- Тэгэхээр Авто тээврийн үндэсний төвийн гаргасан боломжит цагуудын мэдэгдэл хууль зөрчсөн байх нь ээ. Үүнийг танай хоршоод болон холбогдох төрийн байгууллагууд анхнаасаа анзаараагүй хэрэг үү?
 
- Манай хоршоо уг мэдэгдлийг үзэнгүүтээ “Энэ чинь өөрөө хууль зөрчсөн байна. Шөнийн тээврийн цагт багтсан 19:00 цагт бид тээвэр хийх боломжгүй” гэдгээ илэрхийлж байсан.  
 
- Танай хоршоо хичнээн ажилтантай бэ?  
 
- Нийт  60 орчим  жолоочтой. Энэ хүмүүсийн ард 350-400 хүн яамны буруугаас болж  хоногийн хоолгүй болоход хүрээд байна.
 
Өлсгөлөнд хэдэн хүн оролцож байна вэ?
 
- Нийслэлд өлсгөлөнд оролцохоор 24 жолооч ирээд байгаа. Өчигдөр 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр өлсгөлөнгөө эхлүүлсэн байгаа. Өнөөдөр нэмж найман  хүн өлсгөлөнд оролцох хүсэлт, өргөдлөө бичсэн. Цаашид асуудал шийдэгдэхгүй даамжирвал,  50 жолоочийн бүрэлдэхүүнтэйгээр өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ.
 
- Өлсгөлөн зарлаад нэг хоночихлоо. Одоогоор өлсгөлөнд оролцож байгаа тээвэрчдийн биеийн байдал ямар байна?  
 
- Тээвэрчдийн биеийн байдал хэвийн байгаа. “Бид өлсгөлөн зарлаж байгаа тул эрүүл мэндийн хяналт тавьж өгнө үү” гэсэн хүсэлтээ Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд өлсгөлөн зарлахаасаа өмнө албан бичгээр хүргүүлсэн. Өнөө өглөө бид утсаар лавлахад “Танай асуудлаар хуралдаж байна. Шийдвэр гартал эмнэлгийн тусламжийг түргэн дуудах хэлбэрээр авна уу” гэсэн хариуг тус нэгдлийн дарга нь өгсөн. Гэхдээ одоогоор ямар нэгэн байдлаар түргэн дуудах нөхцөл байдал үүсээгүй.
 
- Та бүхэн өлсгөлөн зарлах зөвшөөрлөө албан ёсоор авсан уу?
 
- Бид холбогдох байгууллагуудад өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн. Тэгээд л үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өлсгөлөнгөө өчигдөр эхлүүлсэн.  
 
- Тэгэхээр асуудлыг шийдэгдтэл өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн үг үү?
 
- Асуудлаа эцэслэн шийдэгдтэл өлсгөлөнгөө зогсоохгүй. Ямар нэгэн байдлаар хоног хугацаа засан хууран мэхлэлтэд өртөхгүй гэсэн хатуу байр суурьтай байна. Бүтэн жил гаруй хугацаанд бид хүлээсэн. Одоо бол чадахгүй. Тээвэрчид аргаа барсандаа л тэмцлийн ийм хэлбэрийг сонгосон.
 
- Яамны зүгээс энэ асуудлыг хянаж үзээд, шийдвэрээ эргэж харах хэрэгтэй байна гэж тодорхой хугацаа өгөхийг та бүхнээс хүссэн талаар мэдээлсэн. Олон хүний эрүүл мэнд, амь насаар дэнчин тавиад буй энэ өлсгөлөнг хойшлуулах,  уг шийдвэрийг хүлээх талаар бодож үзсэн үү?  
 
- Биднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард яамны дэд сайд хүлээн авч уулзаад, 20 хоногийн хугацаа өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Түүнийгээ л ярьж байгаа болов уу.
 
-Тэгвэл өлсгөлөн зарласнаас хойш яамны зүгээс ямар нэгэн тайлбар та бүхэнд хийсэн үү?
 
- Үгүй. Яамныхан тээвэрчид биднийг  хүн гэж тоож үзэхгүй, зугтсаар байгаа. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан гэсэн.
 
- Зугтсаар байгаа гэхээр ажилдаа ирэхгүй байгаа гэсэн үг үү?
 
- Яамны удирдах ажилтнууд биднийг өлсгөлөн зарласнаас хойш урд хаалгаараа орж гарахаа больж, арын хаалгаараа тусгай шат тавиулан түүгээрээ хөлхөлдөх болсон.
 
- Өлсгөлөн зарлаж тэмцлийн хурц хэлбэрт шилжитлээ та бүхэн яг юуг шийдүүлэхийг хүсч байна вэ?
 
- Би дээр хэлсэн. Үйлчлүүлэгсдийн тоо их байдаг бусад цагуудыг тээврийн үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран эзэмшиж, цагийн хуваарийн тойрог хэлбэрээр үйл ажиллагаагаа хэвийн явуулахыг л хүсч байна даа. Ингэснээр манай зогсож байгаа автобусууд яамдын ажилтнуудын буруугаас үйдэлтэй алдангаа нөхөж, тээвэрчид ар гэрээ авч явах боломжтой болно.
 
Үйл явдлыг тэнцвэртэй мэдээлэх үүднээс Зам тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатараас тодруулга авсан юм.
 
Д.Батбаатар: Зорчигч тээврийг мөнгө олох талаас нь биш хүнд үйлчлэх үүднээс нь харах ёстой
 
-   Зам тээврийн яам болон холбогдох хоршоодын үл ойлголцлоос үүдэн тээвэрчид хугацаагүй өлсгөлөн зарлаад байна. Танай зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-    “Арвин шар зам”, “Дорнын саруул зам” хоршооныхон яамны үүдэнд өлсгөлөн зарлаад нэг хонож байна. Тэдний тавьж байгаа шаардлагад яамны зүгээс өмнө нь хоёр ч удаа дүгнэлт гаргаж, хариу өгсөн байгаа.
Өмнө нь, энэ асуудлаар тус хоршооныхон яаманд хэд хэдэн удаа хүсэлт ирүүлж байсан. Яаманд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, дүгнэлт гарган тухай бүрт нь хариуг нь өгч байлаа. Энэ удаа ажлын хэсэг байгуулагдсан зүйл байхгүй. Яамнаас зохих хариу тайлбар өгч, хүсэлтийг нь харгалзаж, шугамд цаг гаргаж өгсөн.
 
- Авто тээврийн Үндэсний төвөөс 08:00-19:00 цагт эдгээр хоршоо тээврийн үйлчилгээ үзүүлэх боломж байгаа талаарх мэдэгдлийг танай яаманд хүргүүлсэн хэдий ч албан ёсоор зөвшөөрөл олгоогүй гэдэг нь үнэн үү?
 
- Зөвшөөрөл олгосон. Тус хоршооныхон өөрсдөө хүлээж аваагүй. 2013 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 9/6971 тоотоор “Арвин шар зам” хоршооны дарга Б.Баяраад энэ тухайгаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, “Авто тээврийн үндэсний төв” ААТТӨҮГ-аас дээрх чиглэлийн зорчигч урсгалын судалгааг үндэслэн мөн тус чиглэлд хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг том оврын автобусаар үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйлчилгээний давтамжийг багасгахгүйгээр цагийн хуваарьт өөрчлөлт оруулан, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүйгээр тус хоршоонд долоо хоног бүрийн пүрэв, баасан, бямба, ням гарагт 08:30, 19:00 цагуудад том оврын автобусаар үйлчилгээ гүйцэтгэх боломжтой гэдэг саналыг дээрх тоотоор мэдэгдсэн. Энэ саналыг тус хоршооныхон хүлээж авахгүй байгаа юм.
 
- Яамны удирдлагууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг зөвшөөрлийг олгосон мэт яриад байгаа талаар тээвэрчид гомдол мэдүүлсэн. Энэ ямар учиртай юм бэ?
 
- Манай яам болон Автотээврийн үндэсний төвөөс дээрх боломжуудыг санал болгосон. Бид зорчигч тээврийн үйлчилгээг мөнгө олох хэрэгсэл гэдэг талаас нь биш хүнд үйлчлэх гэдэг талаас нь харж асуудлыг шийдэх ёстой. Бусад аж ахуйн нэгжүүдийн цагаас хулгайлж, нэгэнд нь өгдөг байж таарахгүй. Гэрээ контрактаар хүлээсэн үүрэг, хариуцлага гэж байна.   
 
- Тээвэрчид шударга өрсөлдөөний хэлбэрээр цагийн хуваарийн тойргийн дагуу бусад тээвэр эрхлэгчидтэй эрх тэнцүү үйл ажиллагаа явуулахыг хүсч байгаа. Гэтэл дээрх цагууд хууль зөрчсөн /шөнийн тээвэр/, уг хоршоодын эрх ашигт нөлөөлөхүйц үйлчлүүлэгчдийн тоо бага байдаг цагууд байгаа нь бас асуудал үүсгээд байгаа юм шиг?
 
- Дархан, Эрдэнэт-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэдэг олон компани бий. Бүгд л зорчигч урсгал ихтэй цагуудад тээврийн үйлчилгээнд явахыг бодно. Нэгэнд нь давуу эрх олгож, нөгөөг нь хохироодог байж болохгүй байх аа.
 
- Ерөнхий сайдын зүгээс уг асуудалтай танилцаад холбогдох журмын дагуу эдгээр тээвэрчдийн асуудлыг шийдэж өгөхийг танай яаманд үүрэг болгосон байдаг. Гэтэл яагаад одоо болтол шийдэгдэхгүй хойшлоод байгаа юм бэ?
 
- Асуудлыг хуулийн дагуу шийдэж өг гэсэн үүрэг өгсөн нь үнэн. Ер нь цаг хугацаа хэрэгтэй.
 
- Тээвэрчдийн ярьснаар танай яам урд хаалгаараа орж гарахгүйгээр удирдах албан тушаалтнууд нь арын хаалгаар тусгай шат тавин орж гарч байгаа гэсэн. Энэ үнэн юм уу ?
 
- Яам бол төр захиргааны байр учраас төрийн тусгай хамгаалалтынхан л энэ асуудлыг мэдэх болохоос яамны удирдлагуудын хийдэг, шийддэг ажил биш байх аа. Урд хаалга зүгээр нээлттэй, хүмүүс орж гарч л байна шүү дээ.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Тээвэрчид асуудлыг нь шийдтэл өлсгөлөнгөө зарлана гэдгээ илэрхийллээ  
Үзсэн: 1825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-18 19:45
Энэ Батбаатар гэж яаасан даварцан боол вэ? 07,30-с 19 цагаас цаг өгсөн гэж хэнийг доромжлоод байнаа.

Бидэнтэй нэгдээрэй