![](/uploads/201904/news/thumb/cf7c1cb12f4a6117cabec3420a5b1263_x3.jpg)
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Улаанбаатараас Мөрөн орох хатуу хучилттай замын дэргэд оршдог, унтарсан галт уул юм. Далайн түвшнээс дээш 1686 метр өндөр, орой дээрээ 500-600 метр өргөн, 50-60 метр гүн тогоотой аж. Тогоо уулын өндөр нь 1620 метр. Энэхүү уулыг 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан байна.
Тогоондоо 20 метр орчим голчтой, 1.5 метрийн гүн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг. Харин Тулга, Тогоо, Жалавч уул нь: Уран тогоо уулаас урагш 12 км зайтай оршдог бөгөөд дөрөвдөгч галавын үед оргилж байсан уулс юм.
Уран тогоо уулыг 20-25 мянган жилийн тэртээ оргилж байгаад унтарсан гэж үздэг. Тулга уулын тогоо нь зүүн хойшоо, урагшаа, баруун хойшоо сэтрэн элэгдэж эвдрээд тулганы гурван чулуу шиг гурван хэсэг дугуй ханан толгой болон үлджээ. Эдгээр сэтэрхий нь тулгын гурван чулуу шиг харагддаг учир Тулга гэж нэрлэсэн байна. Тулга уул нь далайн түвшнээс дээш 1540 метр. Тогоо уулын баруун талд Жалавч гэдэг уул байх бөгөөд өрхийн амсар баруун тийшээ ганцхан газраар сэтэрчээ. Тус уул далайн түвшнээс дээш 1560 метрийн өндөрт байдаг.
Үржил шимт хар хүрэн ба хар шороон хөрстэй учир хээрийн ба ойт хээр, уулт хээрийн бүсийн ургамал ургадаг. Шинэсэн ой голлохоос гадна улиас, улиангар, хус ургана. Цагаан төмс, мангир, хонгорзул, алтанзул, алтангагнуур, тайжийн жинс, далан түрүү, үхэр гоньд, хунчир, хөвөн оройт, Монгол туйплан зэрэг эмийн болон хүнсний ургамал, хавтуул, хурган засаа, үнэгэн сүүл, хонхон цэцэг, бэр цэцэг, хазаар өвс зэрэг ургамал ургана.
Буга, аргаль, бор гөрөөс, гахай, янгир, тарвага, зурам, бор туулай, хөвдний бор оготно зэрэг ан амьтад бий. Ятуу, бор шувуу, ууль, харцага, хөхөө, өвөөлж байдаг ба Уран тогооны нууранд ангир ирж зусдаг. Энэ бүс нутагт хэвлээр явагч могой элбэг тохионо. Хүйтний улиралд эдгээр галт уулын гүний дулаан бүлээн уур хийн илчинд хоргодон ичиж амьдардаг байна.
Домогт өгүүлснээр Уран тогоо уулын ар хэсэгт бурхан рашаан дусаасан учраас Хутаг-Өндөр сумынхан идээ, ундаагаараа гайхагддаг гэдэг. Харин уулын өвөрт сүү дусаасан болохоор Баян-Агт, Сайхан сумдын айраг улсдаа алдартай болсон аж.
Байгалийн дурсгалт цогцолбор хэмээх тодорхойлолтод орсон Уран тогоо уулын орчимд эрт цагаас хүн нутаглаж байсны тэмдэг болох хүн чулуу, хиргисүүр зэрэг түүхийн үнэт олдвор элбэг. Тиймээс ч Уран тогоо уулыг зорих жуулчдын тоо жил ирэх тусам өссөөр байна.
Уран тогоо уул | ||
Үзсэн: 7959 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.