
Монгол Улсын арслан, ОУХМ, сонирхогчдийн сүмо бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Батжаргалын Ганбатын нэрэмжит “Аваргын гараа” аймгийн аварга шалгаруулах тэмцээн Увс аймагт болох гэж байна.
Тэмээн тус аймгийн засаг даргын ивээл дор зохион байгуулагдах бөгөөд Улгаангомын спортын төв ордонд энэ сарын 24-26-нд зохион байгуулагдана.
Тэмцээний зорилго нь үндэсний бөхийн спортыг сурталчлах, тамирчид туршлага солилцох, ур чадвартай тамирчид бэлтгэн гаргахад орших гэнэ.
Барилдаанд 15 настай буюу 2004 онд төрсөн, 16 настай буюу 2003 оны нэгдүгээр сарын 1-нээс 2002 оны аравдугаар сарын 1-ны хооронд төрсөн, 17 настай буюу 2002 оны аравдугаар сарын 1-нээс 2001 оны аравдугаар сарын 1-ний хооронд төрсөн 18 настай бөхчүүд оролцох аж.
Журмын хувьд бөхчүүд насны ангилал тус бүрт тойргийн системээр барилдах ба дөрвөн бөхийн нийлбэр оноогоор багийн дүнг гаргах юм байна.
Бүртгэл энэ сарын 24-ны 09:00-14:00 цагийн хооронд бүртгэх аж.
Сонирхуулахад Б.Ганбатын амжилтыг дараах байдлаар танилцуулья.
Монгол үндэсний их баяр наадамд 1997 оноос эхлэн зодоглосон.
- 1998 онд 5 давж улсын начин цол
- 1999 онд 7 давж улсын заан
- 2000 онд 6 давж дунд шөвгийн наймд
- 2001 онд 5 давж бага шөвгийн 32-т
- 2002 онд 6 давж дунд шөвгийн наймд
- 2005 онд 5 давж бага шөвгийн 16-д
- 2006 онд 7 давж дунд шөвгийн наймд
- 2008 онд 7 давж их шөвгийн дөрөвт
- 2010 онд 9 давж түрүүлж улсын арслан
- 2011 онд 6 давж дунд шөвгийн 16-д шалгарснаас гадна
- 2004, 2007, 2009, 2012, 2013, 2014 онд дөрөв давсан юм.
Мөн сар шинийн барилдаанд нэг түрүүлж, нэг үзүүрлэн таван удаа шөвгөрчээ. 1997 онд аймгийн арслан цолтой байхдаа барилдаж үзүүрлэсэн нь өнөөдрийг хүртэл ховорхон тохиолдсон амжилтын нэг юм.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэ нарыг залгамжлан гарч ирсэн зургаан залуу зааны нэг бөгөөд Увс нутгаас 19 жилийн дараа төрийн наадамд түрүүлж, араасаа олон түрүү дагуулсан Баруун туруун сумаас төрөн гарсан булган сүүлтэй хүчтэн юм.









Монгол Улсын арслан Б.Ганбатын нэрэмжит барилдаан болно | ||
Үзсэн: 5534 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.