
Манай сайт уран зохиолын буландаа МЗЭ-ийн шагналт, “Утгын чимэг” наадмын хоёр удаагийн шагналт байрын эзэн, Багануур зохиолчдын нэгдлийн тэргүүн Гомбосүрэнгийн Даваасүрэнгийн “Ганц сарнай”өгүүллэгийг уншигч танаа хүргэе. Тэрбээр Багануурт дүүрэгт уран бүтээлээ туурвиж буй билээ.
…Хаврын цас хайлан борлонтож, нялхран сэргэж буй хөрсөнд шим чийг өгнө. Ирж яваа цаг удахгүй нялх ногоо цухуйх болжээ. Хотын захад орших цагдаагийн хэсгийн эрүүлжүүлэх байрны дэргэд хүнд зээтүү мөрөн дээрээ үүрсэн, шавар шавхай болсон ноорхой хувцастай хижээл насны эр амьсгаадан сууна.
- Муу хар архичин чи. Наад шуудуугаа хурдан ухаач ээ. Нийгмийн хог шаар та нарыг овоолж байгаад шатаах юмсан…Өргөн эрүүтэй тод хөмсөгтэй цагдаа зуунга хэлээд бороохойгоо гарынхаа алганд цохин сүрдүүлэв. Харласан царайг даган хөлс урссан нөгөөх эр хүнд зээтүүг дааж ядан хөрсөнд гүн шаагаад онги татна. Төрийн цагдаа дээрэнгүй алхсаар түүний дэргэд ирэн арзгар ултай том гутлаараа газар хэмжин хэд алхаж тамхины ишээ газар шидээд:
- Хөөе нөхөр. Энэ хүртэл ухаад чиний ажил дуусна. Тэгээд ажлаа шалгуулан хүлээлгэж өгөөд зайлаарай. Дахин энэ хавиар хоншоор чинь цухуйвал нохой шиг нам буудна шүү. Ойлгов уу... Цаадах эр доожоо муутай толгой дохив. Гэтэл цагдаагийн уур хилэн хар аяндаа төржээ…
-Дуугардаггүй ээ. Чамайг би дуугаргаад өгье л дөө тонгой чи… Бороохойгоо далайсан цагдаа, архичин гэх эрийг хэсэг нүдээд гар нь өвдсөн үү, гэнэт болиод эргэн алхав. Эрүүлжүүлэгдсэн эр нударгаа сэгсрэн цус, хөлс холилдон урссан нүүрээ илээд амьсгаагаа даран хэсэг суулаа. Хаврын ээвэр дулаахан нар ээж, сэргэлэн болжмор шулганан нисэж бууна. Нуруу, гар хуруу, толгой нь янгинан өвдсөн нөгөөх эр, ухаж буй нүхэндээ унаад, орчлон хорвоогоос тасран үхмээр санагджээ. Ийнхүү бодохоор уйлмаар чиг санагдаж, хэн нэгэнд учиргүй гомдох мэт өмөлзөн мухар хуруутай гараараа нулимсаа арчив. Хүн бүхэн архичин гэж ад шоо үзнэ. Хэн буруутай билээ. Ургаж буй нарс мод шиг ямар сайхан залуу явлаа. Муу зүгийн сүнс дагасан архинаас болж ухаангүй согтуугаараа хөл гараа хөлдөөж хазгар доголон, хуруу гар мухар нэгэн болжээ. Гар хуруугаа харан харамсан сууснаа, сэтгэл гэж ядууран архи залгилан уумаар бодогдож, тэгээд дахин үхмээр санагджээ. Үйлийн үрийг яалтай, тэрээр зээтүүгээ өргөн газар нүдсээр шуудуугаа гүйцээж ухаад цагдаад хүлээлгэн өглөө. Цагдаа дээрэнгүй янзтай хэдэн үг дэвтэрт сараачаад:
- Мөнгөгүй гуйлгачин чамайг яалтай билээ. Алив тонгой…гээд бороохойгоо өргөв. Мань эр дуулгавартай тонгойход нуруунд хэдэнтээ тасхийв. Өвдөг чичрэн доош сөгдөн унасан түүнийг цагдаа хүчирхэг гараараа заамдан дээш босгоод:
-Үүдэнд нэг шинэ өрөө нээгдсэн. Түүгээр орж бүртгүүлээд зайлаарай гэлээ. Мухар хуруутай нөхөр хазганан эрүүлжүүлэх байрны үүдэнд шинээр нээгдсэн гэх өрөөний өмнө сүрдэнгүй зогслоо. Эмнэлэгт л баймаар цэмцгэр цагаан хаалганы зөөлөн алчуураар боосон бариулаас татлаа. Хаалга алгуурхан онгойж сэтгэл ариусгам анхилам үнэр ханхлана.
- Орооч дээ. Та битгий санаа зов... Бүсгүй хүний уянгалаг хоолой сонсогдож цагаан нөмрөгтэй залуу бүсгүй тосоод ирэв. Сайхь эр өрөөнд уригдан орж зөөлөн сандалд суугаад эргэн тойрноо эмээнгүй нүдээр ширтэн байлаа. Цонхон тушаа амьд цэцэг алаглаж, саруулхан танхимд баяр баясгалантай хүүхэд багачууд, жаргалтай хос залуусын гэрэл гэгээтэй зурагнууд өлгөөтэй харагдана. Бүсгүй тавагтай чихэр өмнө нь тавиад халуун сүүтэй аяга хүндлэн барилаа.
-Ах минь сүү уу. Наад царай зүс чинь ядарсан шинжтэй байх чинь. Нойр хоол муу явна даа. Өөрийгөө хайрлаж бай л даа. Таныг сайхан ирээдүй хүлээж байна…Эгээ л эх хүн аятай чин сэтгэлээсээ ийнхүү хэлж хайрласан зөөлөн харцаар ширтэхэд, хижээл эрийн ясны хөлс урсан усан хулгана болтлоо хөлөрчээ. Яагаад ч юм санаа зовон хэн нэгэнд гэм хийсэн мэт хулган, халуун сүүг хүйтэн ус мэт залгилаад босон үүд рүү ухарлаа. Бүсгүй инээмсэглэн босож:
-Ах минь суугаач дээ. Хоёул жаахан ярилцъя.
-Үгүй би явлаа… Түүний хоолой зангираад ирэв. Бүсгүй инээмсэглэн цааш эргээд нэгэн нугалбар дунд ганц гал улаан сарнай хавчуулан түүнд барилаа. Сарнай бэлэглэсэн хүний гараас, сайхан үнэр нь үүрд анхилдаг гэж үг байдаг даа....Анхилам сайхан үнэр дотор ариусгам урсаж, хэзээ нэгэн цагт ийм анхилам үнэр зүрхний гүнд байсан юм шиг гайхмаар дотно санагдан, мань эр гал улаан сарнайг чичирсэн мухар хуруундаа атгаад зогсож байлаа.
-Ах минь. Би таныг үнэхээр хайрлаж байна. Энэ дэлхийн бүх сайхан сэтгэлтэй хүмүүс таныг хайрлаж байгаа. Итгээрэй. Ургахын улаан нарыг эрүүл ухаанаар харж явахын жаргалыг та мэдрээрэй. Би танд итгэж байна… Сайхь эр бүсгүйн хэлсэн хамгийн сүүлийн үгийг бодоод гудамжинд алхаж явлаа. Цээж дүүрэн амьсгаа авахад дотор онгойгоод сайхан болох шиг. Дэлхий дайвалзан галав юүлэв гэмээр болж ирснээ гол мөрөн мяралзан урсаж ойн цоорхойд, алаг цэцэгсийн дунд гараа алдлан хэвтээд хөвөх үүлсийг ширтэн байх шиг сонин мэдрэмж төржээ. Мэдээж энэ мэдрэмж энгэрт байх ганц сарнайгаас урсан байсанд хайрласандаа энгэрээ зөөлөн даран үзлээ. Орчлонгийн нэгэн орон зай гэмээр муу оромжиндоо ороод ганц сарнайгаа бариад хэсэг суув. Шаазгай зүү олоод хийх газаргүйн үлгэрээр сарнайгаа хадгалах газар эрээд олсонгүй. Ингэж мунгинан суутал гэнэт хаалга хүчтэй дэлгэгдэн архины үнэнч найзууд нь шал согтуу гуйвлан орж ирлээ.
- Өө өвгөн минь. Хүрээд ирэв үү. Бид ямар их санасан гээч. Одоо сэтгэлээ онгойтол ганц шил юм сугсарнаа. Шартаж байгаа гэдэг аймаар… Тэд найзыгаа үнсэж үнгэлэн зарим нь өрөвдсөнөө илэрхийлж уйлж майлж гарлаа. Энгэрээсээ нэг шил архи гарган тавьснаа бүгд зогтусав.
-Өө өвгөн минь юу вэ наадах чинь... Гал улаан ганц сарнай…
-Арай ч дээ. Зүүд үү?... Юу вэ?... Нэг нь салгалсан гараараа сарнайг угз татан авснаа үнэрлэн:
-Сайхан амьд сарнай. Усанд хийдэг юм шүү… Малуудаа…гэснээ чанга хөхрөөд лонхтой архиныхаа бөглөөг мулт татан сарнайг шургуулаад хийчхэв.
- Ёстой догь. Согтуу сарнай… Тэд инээлдэн дуу шуу болон бөөн юм болов оо. Сарнайгаа булаалгасан эр дуугарсангүй лонхонд шургуулсан сарнайг ширтэн байлаа. Сарнайн турьхан иш ёзоороосоо харлан архинд түлэгдэн дээшилсээр…
-Үхлээ… Гэрийн эзэн эр гэнэт тэсрэн орилоод лонхтой архийг хага шидэж орхилоо. Ширээн дээр архины шилний хагархай, эхүүн үнэртэй урсах архи, голоороо таслагдсан сарнайн иш навч нэг бүдгэрэн, нэг тодрон харагдана.
-Муу мал. Муу нохойн гөлөг өө. Хайран архи…тэд үглэн өөрсдөө бүр нохой шиг архины шавхрууг ховх сорон долоогоод гарав. Ингэхдээ архи хага шидсэн найзынхаа төлөөс болгон үе дамжсан модон зааныг бурхан тахилаас нь мулт татан зарахаар гарлаа. Сайхь эр гэртээ орь ганцаараа үлдэв. Багаасаа гарын дүйтэй модоор сийлбэр урладаг нарийн мужаан явжээ. Энэ нь амьдралд өл залгуулж байсан цаг саяхан. Архинаас болж гар хуруугаа хөлдөөн мухарлаад сэтгэлээр унан, архины давалгаанд шуударсандаа гэмшээд гэмшээд барахгүй сууна. Тэрээр мужааны багажаа татан гаргаж, алгын чинээ хус мод олоод нэгэн зүйлийг зорж эхэлснээ өөрөө ч гайхаж байлаа. Дархан хүний бурхан ухаанаар нэгэн зүйлийг сар шахам хугацаанд мухар гараараа урлажээ. Энэ хооронд архи огт амссангүй. Бурхан шүтээнийг тоноод явсан увайгүй архичин нөхдүүдтэйгээ, архитай ч нэгмөсөн тангараг тасарчээ. Группын мөнгөө цуглуулан дэлгүүрээс шинэ хувцас худалдан авч өмсөөд, сахал үсээ засуулан гоёод нэгэн газрыг чиглэн алхлаа. Сэтгэл цэлмэг тэнгэр шиг уужим, хөвөх үүлс шиг хөнгөн байгаа боловч зүрх нь болзоонд яваа мэт догдлон байхыг мэдэрчээ. Эрүүлжүүлэх байрны довжоо шатыг зөөлөн гишгэсээр нөгөөх дотно дулаахан хаалганы өмнө ирэн догдлон зогслоо. Хаалгыг зөөлөн нээтэл нөгөөх бүсгүй наран цацрах мэт инээмсэглэн угтлаа.
-Уучлаарай та намайг таньж байна уу. Би танд баярласнаа илэрхийлж энэ өчүүхэн зүйлийг дурсгал болгох гэсэн юм…Сайхь эрийн гарт зөөлөн хус модоор гайхамшигтай уран хийсэн бадамлан буй сарнайг нуруундаа ургуулсан зааны сийлбэр байлаа. Хуруутай байхаасаа илүү уран сэтгэл шингээж бүтээжээ. Бүсгүй баярлан дуу алдаж:
-Гайхамшигтай. Та чинь ийм уран сийлбэрч хүн байсан юм уу. Урлагийн сод бүтээл байна шүү дээ…
-Танд би үүнийг чин сэтгэлээсээ бэлэглэж байна. Та заавал аваарай… Сайхь эр сэтгэлээсээ гуйн хэлээд бадамлагч сарнайт заанаа гарт нь атгуулав. Уран гоолиг хуруу гар урлагийн бүтээлийг энхрийлэн барьж байлаа.
-Баярлалаа. Танд энэ дэлхийн бүх сайхан сэтгэлтэй хүмүүс хайртай. Үнэхээр хайртай шүү…Сайхь эр санаа алдан ийнхүү хэлэхэд, нүдэнд нь нулимс цийлэгнэн байв. Энэ бол баярын нулимс байлаа. Гудамжинд гараад хүн зоны урсгалд уусан орохдоо зөрөн явах таних танихгүй хүмүүсийг тэврэн авч үнсмээр, цээжиндээ чанга тэврэн хүүхэд адил цурхиран уйлаад, зүрх сэтгэлийнхээ баярыг хуваалцмаар санагджээ. Түүний өмнө хүүхдийн тэрэг түрсэн нэгэн эмэгтэй тор дүүрэн юм барьсандаа түүртэн явахад гүйн хүрээд:
-Миний дүү ах нь чамд туслая. Зам дагуу дөхүүлээд өгье…гэлээ. Эмэгтэй зогсон түүнийг гайхан харснаа толгой дохин тортой зүйлээ бариуллаа.
-Итгээрэй миний дүү ах нь чамд чин сэтгэлээсээ тусалъя… хэмээн инээмсэглэн дотроо шивэгнэн байлаа. Эмэгтэй түүнд итгэж тортой зүйлээ бариулаад амсхийн хүүхдээ түрэн алхлаа. Хөөрхий эрийн сэтгэл цэлмэн догдолжээ… Хүмүүс надад дахин итгэж байна… Хүүхдийн тэргэнд шулганан байх, хүний бяцхан үрийг хараад тэрээр уяран хайлж:
-Хүү минь. Бяцхан дүү минь. Чи намайг уучлаарай. Дахин дахин уучлаарай… хэмээн зүрх сэтгэлийнхээ гүнээс шивэгнэн, бөмбөрөн урсах бүлээн нулимсаараа дотогшоо уйлж явлаа.
-Итгээрэй дүү минь, хүү минь итгээрэй...
Багануур. 2007.01.14.
Ганц сарнай | ||
Үзсэн: 5309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.