Шууд Chart

Шүлхийн голомтот бүсийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

2014-02-14 16:11:45

Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргалаа.

Өвчин тархсан гурван аймгийн есөн суманд өнөөдрөөс эхлэн тухайн орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хорио цээрийн дэглэм тогтоолоо.
 
Тиймээс хорио цээрийн бүсэд хамрагдсан аймаг, сумдаас зорчигч тээвэр, малын шилжилт хөдөлгөөн хийх, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэх, тээвэрлэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож байна. Үүнд:
 
· Хорио цээрийн онцгой дэглэм тогтоосон бүс: Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Онгон, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Их хэт, Дэлгэрэх, Алтанширээ сумын нутаг дэвсгэр
 
·Хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс :Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Уулбаян, Мөнххаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Баянмөнх, Дэлгэрхаан, Дорноговь аймгийн Өргөн, Сайхандулаан, Даланжаргалан сумын нутаг дэвсгэрүүд багтлаа.
 
Түүнчлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, нийслэлийн Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Баянзүрхийн товчоо,төмөр замын дөрөвдүгээр зөрлөг, Яармагийн товчоонд ариутгал, халдваргүйжүүлэлтийн пост, харуул хамгаалалт, хяналтын цэгүүд байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд илэрснээс хойш тус аймгийн Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Их хэт гэсэн нийт гурван аймгийн есөн сумыг хамраад байна.
 
Одоогоор тус бүс нутгуудын  324 өрхийн 655817 малыг үзлэг тандалтад хамруулж, 831 толгой мал өвчилснөөс 657 толгойг нь зориудаар устгажээ. Өвчний голомтод Онцгой байдлын ерөнхий газар, аймгуудын гамшгаас хамгаалах албадын 846 хүн, 166 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна. 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Шүлхийн голомтот бүсийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ   
Үзсэн: 1663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй