Шууд Chart

Нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлэв

2019-05-16 16:39:33

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. 

Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламж хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд нь нэр бүхий иргэдэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үндэслэлгүйгээр илүү тогтоож, хээл хахууль, шан харамж авсан, өгсөн гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар эрүүгийн хэргийг прокурорт шилжүүллээ.

Хан-Уул дүүргийн харъяа болон харъяаллын бус, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж хахууль авсан байж болзошгүй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа ...-р цэцэрлэгийн эрх бүхий албан тушаалтанд холбогдох хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр  шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнууд 4.7 тэрбум төгрөгийн зээл гаргахдаа 98.000 ам.доллар, тавилга, эд зүйл авсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд уг эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ.


Нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлэв  
Үзсэн: 1505 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй