“Туркойз хилл” компани өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэлдээ манай улсын Засгийн газартай хийж байгаа хэлэлцээрээс үүдэн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дахин хойшлогдож болзошгүй байгаа талаар дурдсан.
Мэдэгдэл гарснаас хорйш тус компанийн Торонтогийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш унаж эхэлсэн байна. Тодруулбал, пүрэв гарагт “Туркойз хилл” компанийн хувьцааны ханш долоон хувиар доошилжээ.
“Туркойз хилл” компани өнгөрсөн онд далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах 4 тэрбум ам долларын хөрөнгийг дэлхийн томоохон 15 арилжааны банкуудаас хүсээд байсан ч зээл хоёр дахь удаагаа хойшлоход хүрсэн юм.
Тодруулбал, “Туркойз хилл” компани уг зээлийг авахын тулд Монгол Улсын Засгийн газраас албан ёсны зөвшөөрөл авсан байх шаардлагатай байсан. Харин манай талаас Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн учраас дахин нягтлах хүртэл дараагийн шатны санхүүжилтийн асуудал ярилцахгүй гэсэн байр суурьтай байсан тул зөвшөөрөл олгох боломжгүй болсон юм.
Тиймээс дэлхийн томоохон арилжааны банкууд далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн зээлийг энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулснаа өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдээд байсан.
Харин энэ удаа далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дахин хойшлогдож болзошгүй талаар “Туркойз хилл” компани мэдэгдсэн нь Засгийн газрын шийдвэрийг хүлээсээр байгаа байр суурьтай нь холбоотой байж болох юм. Гэсэн хэдий ч манай талаас дээрх хугацаанаас өмнө зөвшөөрөл олгох эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.
“Туркойз хилл” компани мэдэгдэл гаргаж, Засгийн газрыг “яаравчлуулав” | ||
Үзсэн: 2809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.