Шууд Chart

МАХН руу шилжигсдийн цуваа үргэлжилсээр байна

2014-02-17 17:50:30

Өнөөдөр МАН-ын 200 орчим гишүүн МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, батлахаа гардан авлаа. Батлах гардуулах ажиллагаанд МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, Сангийн сайд Ч.Улаан, Байнгын хорооны дарга Ц.Цолмон, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Дугаржав нар оролцсон юм.

Батлах гардан авсан 200 хүний дунд МАН-ын нөлөө бүхий хэд хэдэн гишүүд байгаа тухай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ярьсан юм. Харин үйл ажиллагааны үеэр нэрийг нь зарлахаас зайлсхийжээ.
Энэ талаар Г.Шийлэгдамба “Нэртэй улстөрч, олны танил хүмүүс МАХН-ын гишүүнчлэлээ сэргээнэ гэсэн мэдээлэл үнэн бодитой. Гэхдээ эдгээр хүний нэрийг эрт зарлах боломжгүй хэм хэмжээ байдаг.
 
Учир нь үүний дараа намын дотор хагарал үүсгэж, үйл ажиллагааг мушгин гуйвуулах, эсрэг үйл ажиллагаа явуулах, гишүүнчлэлээ сэргээж ирж байгаа хүмүүст хүндрэл учруулах гээд бэрхшээл гарахгүй гэх баталгаа байхгүй учир бид ийнхүү сэргийлж байгаа юм” гэж ярилаа.
 
МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа болон шинээр гишүүн болж элсэж байгаа хүмүүст батлах гардуулах ажиллагааны үеэр Д.Тэрбишдагва “МАХН улам өргөжин тэлж, шударга ёсны төлөө зүрх сэтгэлтэй хүмүүсээр хүрээгээ тэлсээр байна.
 
МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж, шинээр манай намын гишүүн болж байгаа хүмүүстээ Н.Энхбаяр даргын зүгээс болон хувиасаа талархал илэрхийлье” гэлээ. Ийнхүү ШУ-ын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Амгалан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл аухйн мэргэжлийн сургалтын төвийн захирал Л.Дашням, СХД-ын ИНХ-ын дарга Я.Должинсүрэн, МУГЖ З.Шагдар зэрэг 200 орчим хүн МАХН-ын батлахаа гардан авлаа.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

МАХН руу шилжигсдийн цуваа үргэлжилсээр байна   
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй