Шууд Chart

Дайчин барилдаантай Б.Даваа-Очир гэж хэн бэ

2019-06-04 14:23:33

“ТЭЦ-4” компани, “Сvлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Батбаярын Даваа-Очир нь Хөвсгөл аймгийн Их-Уул суманд 1993 онд төрсөн. Бага байхаасаа барилдах дуртай байсан хүү 17 насандаа сумандаа үзүүрлэж, дараа жил нь сумынхаа 80 жилийн ойгоор түрүүлж, сумын заан цол хүртсэн.

Барилдааны онцлог нь сугадсан барьцнаас барилддаг. Сугадаж тонгорох, мордох, араар хашиж мордох гэх мэт мэхийг түлхүү хийдэг. Сэтгэлзvй сайтай, дайчин барилдаантай бөх юм.

Анх Улаанбаатар хотод 58 кг жинтэй, жижиг биетэй хүү Монгол Улсын арслан  Х.Мөнхбаатартай бэлтгэл хийж эхлэсэн ба удалгvй сумын цолтон болон цолгvй бөхчvvдийн барилдаанд гарч эхэлсэн байна. Тэгэхдээ “хатуу боорцог” гэдгээ мэдрүүлж эхлээд байв.

2010 оны Увс аймагт болсон үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-ий тавдугаар байр, 2011 онд Хөвсгөлд болсон тус тэмцээний долдугаар байрын шагнал хүртжээ.

Гиннесийн барилдаанаар тав даваад зургаагийн даваанд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ардын багш, улсын аварга О.Балжиннямд унасан.

2013 онд залуучуудын УАШТ-д тvрvvлж байлаа. Мөн тэр онд Хөвсгөл аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн аймгийн начин, 2014 онд мөн Хөвсгөл аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн аймгийн харцага, 2015 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд сумын заан Г.Бат-Эрдэнээр найм даван түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм. Харин 2017 онд Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн өсөх чимэг хүртсэн.

Ийнхүү Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд улсын арслан Р.Пүрэвдагваар дөрөв, улсын заан Б.Батмөнхөөр тав давж шөвгөрөн Монгол Улсын начин цолыг хүртсэн. Тухайн жилийн үндэсний их баяр наадмаар хамгийн залуу начин цолтноор тодорч, хурдан удмын даага гардсан билэгдэлтэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дайчин барилдаантай Б.Даваа-Очир гэж хэн бэ  
Үзсэн: 3430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-05 08:47
САЙХАН ДАЙЧИН БАРИЛДДАГ БӨХ ШҮҮ, БАС БАГШ НАРАА МУНДАГ ХҮНДЭЛДЭГ БӨХ БАЙНА ЛЭЭ, ОДОО БАРИЛДААН ДЭЭРЭЭ ХҮЧЭЭ ЗӨВ ХУВААРИЛАХ ТООЦОО Л ХИЙХ ХЭРЭГТЭЙ САНААД БАЙДАГ ЮМ. УНАХДАА ИХЭВЧЛЭН ӨӨРИЙНХӨӨ МЭХИЙГ ДУТУУ ХИЙГЭЭД УНАЖ БАЙГАА ХАРАГДДАГ ШҮҮ, "АА" БОЛ БАЙГАА ААТАЙ БӨХ ШҮҮ, АМЖИЛТ,,,
Зочин [127.0.0.xxx] 2019-06-04 23:56
Мундаг шүүүү

Бидэнтэй нэгдээрэй