![](/uploads/201402/news/thumb/1a16521b24b4d3e9d7bdb0ded69b2bdc_x3.jpg)
Г.Баярсайхан тэргүүтэй Б.Цэрэндорж, М.Ганзориг гэх хүмүүс МАХН-ыг татан буулгах шаардлагатай гэж үзэж удаа дараа хэвлэлийн хурал хийсэн. Тэгвэл өнөөдөр МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар хэвлэлийн хурал зарлаж зарим баримтуудыг дэлгэлээ.
Өнгөрсөн долоо хоногт МАХН-ны төв байранд болсон гишүүнчлэл сэргээх үйл ажиллагааг “хуурамч” болж өнгөрсөн гэж хэвлэлээр бичигдсэн. МАХН-ынхны яриад байгаа шиг нэр нөлөө бүхий хүмүүс намын батлахыг гардаж аваагүй гэж үзсэн бөгөөд үүнд нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн хариулт өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн гишүүнчлэл сэргээх, шинээр гишүүн элсүүлэх үйл ажиллагааны талаар олон яриа гарч байна. Манай намд гишүүнээр элссэн, гишүүнчлэлээ сэргээсэн хүмүүст олон дарамт шахалт гарч ирсэн. МУГТ С.Батцэцэгийг хүчээр элсүүлсэн, элсүүлсэн нь худлаа гэх яриа гарсан.
Миний гарт түүний гарын үсэг бүхий анкет байна. Бид тэдгээр нэр бүхий хүмүүсийн нэрийг нууцлаж байсан нь ийм зүйл болохоос урьдчилан сэргийлж байсан юм. С.Батцэцэг болон бусад тамирчдыг батлахаа гардаж авсаны дараа Монголын чөлөөт бөхийн удирдах зөвлөлийн хурал болсон байсан. Ингээд С.Батцэцэгийг МАХН-д орсон гэж мэдээд Д.Дагвадорж Шадар сайд Д.Тэрбишдагва руу утасдаж дарамталсан. С.Батцэцэгийг мэдэгдэл хийж байгаа нь үүнтэй холбоотой. Мэдээж ийм дарамт ирж байгаа учир тэр хүүхэд айна шүү дээ. Бид баримтгүйгээр ингэж ярихгүй” гэсэн юм.
Хэвлэлийн хурлын үеэр МАХН-ыг татан буулгахаар шүүхэд хандаад байгаа Г.Баярсайхан нарын хүмүүсийн талаар МАХН-ын Ёс зүйн хорооны дарга Г.Давааням тайлбар хийсэн юм. Түүний хэлж байгаагаар Г.Баярсайхан нь 2011 оны гуравдугаар сараас МАХН-д зүтгэж эхэлсэн бөгөөд 2012 онд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллахад нь туслалцаа үзүүлсэн байна. Гэтэл хотын дарга Э.Бат-Үүл Г.Баярсайхантай хамтран ажиллахаас татгалзаж байгаагаа удаа дараа мэдэгдсэн учир ажлаас нь чөлөөлжээ.
Гэтэл Г.Баярсайхан нь үүнд Шадар сайд Д.Тэрбишдагвыг буруутган, өөрийг нь хамгаалахгүй гэж тэрсэлдэж эхэлсэн байна. Одоо түүний бариад явж байгаа МАХН-ын гишүүд дэмжигчдийн холбоо“ гээд байгаа байгууллага нь хуучин МАХН гэсэн нэрийг МАН болгон өөрчлөхөд татан буугдсан байгууллага аж.
Гэтэл Г.Баярсайхан нь МАХН-ын лого бүхий албан бичиг барьж яваа бөгөөд тамга нь мөн л МАХН, МАН болон өөрчлөхөд хураагдсан тамга юм байна. Тэгэхээр хуурамч тамга бүхий албан бичиг бариад МАХН-ыг татан буулгана гэж ярьж яваа ажээ. Энэ талаар Ёс зүйн хорооны дарга Г.Давааням “Г.Баярсайханы бариад яваа тэр бичгийнх нь тамга нь хураагдсан хуурамч юм.
Бид энэ талаар хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Тэр тэр Б.Цэрэндорж гээд байгаа хүн нь нэгэн үе Н.Энхбаярын төлөө үхсэн ч чадна гээд өлсгөлөн зарлаад явж байсан хэрнээ одоо Н.Энхбаяр бол хорт хавдар гээд яриад явж байна. Бид Б.Цэрэндоржийн зүтгэлийг үнэлж тухайн үед иж бүрэн гэр, хүүхдийнх нь хоёр жилийн сургалтын төлбөрийг төлж байсан. Ер нь эдгээр хүмүүс өөрсдийн ашиг сонирхол нь бүтэлгүйтсэнээс болж ийнхүү хагарал үүсгэж яваа” гэлээ.
Г.Баярсайхан хуурамч тамга ашиглан МАХН-ыг татан буулгана гэж ярьжээ | ||
Үзсэн: 1184 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.